Цэс

Холбоо барих

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч хатагтай Лин Цаог хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр /2025.01.27/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч хатагтай Лин Цаог хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улсад 2023-2027 он хүртэл баримтлах хөтөлбөрийн баримт бичигт ихээхэн ач холбогдол өгч байгааг дурдаад, энэхүү хөтөлбөр нь манай улсын тогтвортой хөгжлийг ахиулахад бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.


Монгол Улсын Их Хурал НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сантай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан.

Энэ хүрээнд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, энх тайван, шударга ёс, хүчирхэг институцийг бэхжүүлэхэд түлхэц болж, эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 20-30 хувь болгон нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг талууд онцоллоо.

Түүнчлэн энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагчид, шинжээчид, судлаачид, дадлагажигчдыг нэгтгэх зорилготой аж.

Хэлэлцүүлэг нь бүс нутгийн түншлэлийн ач холбогдлыг онцолж, байгаль орчны нийтлэг сорилттой тэмцэх дэлхийн сургамж, шилдэг туршлагад тулгуурлан Ази болон Алтайн бүс нутагт хамтын ажиллагааг бий болгоход мөн төвлөрөх юм байна. Ногоон санхүүжилт, техникийн хамтын ажиллагаа, дипломат харилцаанд анхаарлаа хандуулсан энэхүү яриа хэлэлцээнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл