Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.24) УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.
Шинэчилсэн найруулгын төсөлд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд тусгагдсан үндсэн үзэл баримтлалыг тусгахын зэрэгцээ хэд хэдэн зарчмын шинжтэй асуудлыг тусгасан талаар танилцуулав. Тухайлбал, хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэр томьёоны тайлбарыг олон улсын хандлага, дотоодын эрх зүйн тогтолцоо, тухайн салбар шинжлэх ухаанд нийцүүлжээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын зорилго, төрлийг тодорхойлж, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, олон ургалч үзлийг дэмжих зорилгоор түүний эзэмшлийн ил тод байдалтай холбоотой зохицуулалт тусгасан байна. Түүнчлэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах зүйл заалт оруулжээ.
Энэхүү хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй бүлгүүдийн дунд нийт 4 удаа хэлэлцүүлэн, санал санаачлагыг тусган ажилласан талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.