Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.24) УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн төсөлд нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг энэ чиглэлд уялдуулан зохицуулах замаар Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг боловсруулсан байна. Түүнчлэн, баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, Улсын Их Хурлаас баталсан зарим хуультай холбогдуулан зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах зэрэг зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг багтаажээ. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад бий болдог хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх зэргийг зохицуулах бүхий Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж буйг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.