Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд Утааны асуудал:Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдвийн хүрээнд хоёр дахь хэлэлцүүлэг (2025.01.22) салбарын эрдэмтэн судлаачид, холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын илтгэлээр үргэлжилсэн. Тухайлбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий технологич Д.Өлзийбат “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, технологи, чанар” сэдвээр илтгэл тавьж, тус компанийн үйлдвэрлэл, технологи, бүтээгдэхүүний чанар, хяналтын талаар танилцуулав.
Уг илтгэлд бид MNS 3818, MNS 5679-2019, MNS 5679-2022 гэсэн стандартын шаардлагыг хангасан хатуу түлшийг хэрэглэж ирснийг дурдаад түүхий нүүрснээс эрчим хүчний нүүрс буюу шахмал түлшрүү шилжих болсон шалтгааныг тайлбарлав.
Тэрбээр, түүхий нүүрстэй эрчим хүчний нүүрсийг харьцуулахад чийглэг нь 6 хувь, дэгдэмхий бодис нь 26 хувь, илчлэг нь 5500 ккал/кг байгаа юм. Өөрөөр хэлбэл, түлшний чийглэг бага байх тусам утаа бага гарах, дэгдэмхий бодисын хувь бага байвал тоосонцрын хэмжээ багасах, илчлэг нь өндөр байх тусам өрхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Зөвхөн энэ гурван үзүүлэлтээс хамаарч агаарын бохирдол 50 орчим хувиар буурсан үр дүнг үзүүлж байна хэмээлээ.
Мөн уг илтгэлд үйлдвэрийн технологи нь үндсэн таван дамжлагаас бүрддэгийг дурдахын зэрэгцээ “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлш үйлдвэрлэлийн түүхий эд, барьцалдуулагч болон бүтээгдэхүүний чанарын хяналтыг Хими, химийн технологийн хүрээлэн, Ашигт малтмал, газрын тосны газрын лаборатори, “SGS Mongolia” ХХК, Дулаан, техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар зэрэг итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториудаар хийлгэдэг бөгөөд сардаа 1-2 удаа дээж өгдөг талаар дурдсан байлаа. Доорх зурагнаас шинжилгээний дүнтэй танилцана уу.
Дараа нь Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Агаарын бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдэд тавих хяналт” сэдвээр илтгэл тавьсан. Илтгэлд, Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд тогтоол, журмын хэрэгжилтийг хангах болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Өндөр эрсдэлтэй айл өрх”, “Шалгавал эрсдэлгүй”, “Сэрэмжлүүлэг-2024”, “Хяналт-2024”, “Ухаалгаар хэрэглэе”, “Эрсдэлээс сэргийлье”, “Галлахдаа анхааръя”, “Эрчимжүүлэлт” зэрэг тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласныг дурдаад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан удирдамжийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 09-20-ны өдөр үргэлжилсэн хяналт, шалгалтын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулсан. Тухайлбал, уг арга хэмжээнд агаарын чанарыг сайжруулах бүсийн долоон дүүргийн 137 хороо, 123151 өрх, 1685 аж ахуйн нэгжийг хамруулж, 6700 зөвлөмж, 146 зөрчил илрүүлсэн гэв.
Мөн 2024 онд нийт 21 зөрчил илрүүлснээс түүхий нүүрс хадгалж, түлсэн 7, масло шатаасан 1, агаарын чанарын бүсээс гадагш шахмал түлш тээвэрлэсэн 13 зөрчлийг тус тус илрүүлэн шалгаж шийдвэрлэсэн. 2025 онд нийт 6 зөрчил илрүүлснээс түүхий нүүрс түлж байсан 2, масло шатаасан 1, агаарын чанарын бүсээс гадагш шахмал түлш тээвэрлэсэн 3 зөрчлийг тус тус илрүүлэн шалгаж байна. Энэ хүрээнд 35225 кг сайжруулсан шахмал түлш, 94 тонн түүхий нүүрс хураан авч, Зөрчлийн тухай хуулийн 6.24 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ тооцон ажилласныг илтгэлд дурдсан байлаа.
Түүнчлэн агаар бохирдуулагч эх үүсвэр болох автомашинуудад хяналт, шалгалтын ажлыг хийсэн. Цагдаагийн байгууллагын мэдээлэлд 2024 оны тээврийн хэрэгсэлтэй холбогдолтой нийт 23,432 зөрчил илрүүлсэн. Үүнд, нүүрсэн яндангүй 1453, оношилгоонд оруулаагүй 11,813, татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр төлөөгүй 1799, гурав буюу түүнээс дээш торгуультай 11,052 ширхэг тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж 220 сая төгрөгийн торгуулийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нүүрсэн яндангүй 297 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлээд байгааг илтгэлд дурдсан байв.
Хэлэлцүүлэг Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч Г.Шийрэвийн “Шахмал түлшний түүхий эд, шахмал түлшний шинж чанар, стандарт үзүүлэлт” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн.
Тэрбээр илтгэлдээ, шахмал түлшний шаталтын үйл явцын талаар тайлбарлаж, түлшний горим алдагдаж дутуу шаталтын явцад угаарын хий, дэгдэмхий органик нэгдлүүд үүсэх эрсдэл гардаг гэдгийг онцлов. Мөн сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр түүхий нүүрсний хэрэглээг 60 хувиар бууруулж, илчлэгийг нэмэгдүүлж, хэрэглээг 54 хувиар бууруулснаар энэ хэмжээгээр агаарт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулсан гэж үзэх боломжтой. Чийг болон дэгдэмхий хийн үзүүлэлтийг бууруулсан сайн талтай ч үнслэг болон хүхрийн хэмжээ нэмэгдсэн сөрөг үр дүн гарсан. Гэвч үүнийг нийт хэрэглэж байгаа түлшний хэмжээнд авч үзвэл түлшнээс ялгарч болох хүхрийн хэмжээ гурван хувиар, үнслэгийн хэмжээ 19 хувиар тус тус бууруулсан гэж дүгнэж байна хэмээлээ.
Илтгэлд тус хүрээлэн болон Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын лабораторит хийсэн сайжруулсан шахмал түлшний шатаалтын утааны шинжилгээний талаар танилцуулсан.
Тус хүрээлэнгээс шахмал түлшний технологийн горим алдагдаагүй, түүхий эдийн шинж чанарт өөрчлөлт ороогүй ч нийслэлийн агаарын бохирдол өндөр хувьтай байгаа шалтгааны талаар судалгаа хийжээ. Агаарын бохирдол өссөн шалтгааныг доорх зурагнаас харна уу.
Мөн илтгэлд цаашид түүхий эд, бүтээгдэхүүний стандартыг сайжруулах замаар түлшний чанарыг дээшлүүлэх, яндангийн тоо, түлшний хэрэглээг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай талаар дурдсан байлаа.
Хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, мэдээлэл, танилцуулгын хүрээнд иргэд, олон нийтийн төлөөлөл асуулт асууж, санал хэлсэн. Хэлэлцүүлэгт оролцогчид гэр хорооллын айл өрхүүдэд шинээр тараах зуух болон шахмал түлш нь гадаад болон дотоод орчны бохирдолд хэрхэн нөлөөлөх, дулааны зарцуулалт зэрэг туршилтыг хаана ямар лабораторит хэрхэн хийсэн талаар, автомашины нүүрсэн янданг хууль бусаар худалдах эсэхийг зохицуулсан хууль журам бий эсэх, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд монголын эрдэмтэн, инженерүүдийнхээ бүтээсэн гэр хорооллын айл өрхүүдийн дулаалга, нарны батерей зэрэг шинэлэг бүтээгдэхүүнийг дэмжих асуудлыг тусгасан эсэх, шахмал түлшний стандарт алдагдаагүй бол агаарын бохирдол ихэссэн шалтгаан нөхцөлийн талаар, орон нутгийн агаарын чанарыг хэмжихэд арга хэмжээ авч буй эсэх талаар холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнуудаас илүүтэй тодруулав.
Мөн нийслэлийн мэдэлд “Тавантолгой” ХХК шахмал түлшний үйлдвэр шилжиж байгаа тул иргэдийн эрүүл аюулгүй байх нөхцөлд анхаарч, зоригтой шинэчлэл хийж ажиллах, мөн монгол инженерүүдийн бүтээсэн халаагуурт төрөөс 90 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэн 220 мянган ширхгийг өрхүүдэд тараан утааг багасгах, цахилгаан халаагуураар дулаанаа шийдсэн айл өрхүүдэд эрчим хүчний үнийн хөнгөлөлтийг дорвитой үзүүлэх, хийн түлшрүү шилжихэд Монгол Улсын цаг агаарын эрс тэс уур амьсгалыг нөхцөл байдлыг сайтар судлан тооцоолох, агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга болох иргэдийг орон сууцжуулахад зоримог арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариултдаа, түлшний асуудал санхүүгийн чадавхтай холбоотойг тодотгоод 2030 он хүртэл хатуу түлш хэрэглэх хэмжээг жил бүр бууруулж, 2031 оноос хийн түлшрүү шилжихээр төлөвлөн ажиллаж байна гэж байлаа. Мөн тэрбээр, сүүлийн жилүүдэд нүүрсэн янданг өмнөд хөршрүү экспортлох үзэгдэл ихэссэн тул гаалийн хилээр гарах хориглосон барааны жагсаалтад оруулсан. Цаашлаад Авто тээврийн үндэсний төвтэй хамтран Улаанбаатар хотод автомашины нүүрсэн яндангуудад төмөр тэмдэглэгээ тавьж, бусдад дамжуулахгүй байхаар үзлэг оношилгоог зохион байгуулна гэж байлаа.
Харин Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх сайжруулсан шахмал түлш нь стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа тул түлшний чанараас хамаарч утааны хэмжээ нэмэгдээгүйг хариуцлагатайгаар мэдэгдээд утаа ихсэхэд нөлөөлсөн олон хүчин зүйлсийн нэг нь түлшний хэрэглээ ойролцоогоор 20-30 хувиар нэмэгдсэнтэй холбоотой хэмээв.
Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Салбарын яамнаас агаарын чанар нь дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн хүний биед хоргүй байх стандартыг тогтоох бодлогыг барьж, улмаар агаарын чанарыг улс даяараа хэмждэг, хяналт тавьж мөрдүүлдэг болохоор зорин ажиллаж байна. Одоогоор зөвхөн Орхон аймагт агаарын чанарыг хэмжих автомат станц суурилуулсан. 2025 оноос эхлэн бусад аймгуудад агаарын чанарын автомат хэмжигчийг суурилуулна хэмээн хариулж байлаа.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн оролцогчдод хандан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд сэдвийн хүрээнд асуултаа бичгээр ирүүлбэл, 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр болох “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт Ерөнхий хяналтын сонсголоор тодорхой хариултыг өгнө гэдгийг онцлов.
Хэлэлцүүлэг гишүүдийн асуулт, саналаар үргэлжилсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, нийгмээрээ хандлагаа өөрчилж, агаарын бохирдол, утаа, түгжрэл нь Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шийдвэрлэх асуудал бус иргэн бүрийн оролцоо хамтын хүчинд тулгуурлавал үр дүнд илүү хүрнэ гэсэн саналыг хэлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, хийн түлшний эх үүсвэрээ ОХУ-аас нэмэгдүүлэхдээ хараат бус байх бодлогыг давхар тооцоолсон эсэх, шинээр тараах зуухандаа бусад зуухуудтай харьцуулсан нарийвчилсан судалгаа хийсэн эсэх, 21 аймгийн агаарын чанарын асуудалд бодлогын арга хэмжээ авч буй эсэхийг тодруулж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ бид утаагүй зуух гэдэг ойлголтоос салж, эрчим хүчээ дэмжихэд анхаарч олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг эл асуудалд чиглүүлж далайцтай арга хэмжээ авах, нөгөө талаар үүнтэй уялдуулан урамшууллын системийг нь боловсруулж байж үр дүнд хүрнэ гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Үүгээр Утааны асуудал:Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдвийн хүрээн дэх хоёр дахь хэлэлцүүлэг өндөрлөж, хэлэлцүүлгийг даргалагч, Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан хааж үг хэлсэн. Тэрбээр юуны өмнө хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлээд агаарын бохирдол, утаа нь бүх хүний эрх ашгийг хөндсөн асуудал тул төр засаг болон төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд хамтарч нэгдсэн арга хэмжээ авч байж үр дүнд хүрнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тавьсан илтгэлд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, эрх зүйн орчноо тодорхой болгохоор төлөвлөж буйг дурдсан тул Улсын Их Хурлын гишүүддээ хандан уг төслийг дэмжиж ажиллахыг уриалж байлаа.
Сайжруулсан түлш нь агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан арга хэмжээ байсан гэдэг нь эрдэмтэн, судлаачдын тайлангаас харагдаж буй тул цаашид бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж хагас коксон түлш үйлдвэрлэх, автомашины бохирдлыг бууруулах чиглэлээр нийтийн тээврийг хийн түлшруу шилжлүүлэх зэрэг арга хэмжээ авахад анхаарч, Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бүгд хамтарч ажиллах нь чухал гэдгийг хэлэлцүүлэг даргалагч, Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.