Улсын ИХ Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.01.22/ хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр захирамжаар байгуулагдсан тус хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаад, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-д зааснаар хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийн 7 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн зарим хэсгийг өөрчлөн найруулах саналыг бэлтгэсэн хэмээн ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцууллаа.
Мөн ажлын хэсэг хуулийн төслийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.6 дахь заалтыг төслийн зохицуулалтаар нь хэвээр үлдээх санал бэлтгэснээс гадна Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу хуулийн төслийн 10, 15, 26 дугаар зүйлийн зарим хэсэг, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан нийт 4 саналын томьёолол бэлтгэсэн байна.
Түүнчлэн хууль баталсантай холбогдуулан Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд зарим нэмэлт оруулах шаардлагатай тул эдгээр болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан заалтыг “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгах саналыг танилцуулсан юм.
Ажлын хэсэг Шинэ Хархорум хотын нэр өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор болон хууль тогтоомжийн нийцлийг хангах хүрээнд Улсын Их Хурлын 5 тогтоолын төслийг боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатар асуулт асууж, хариулт авсаны дараа ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн “Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай, “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Тогтоолын төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх таван тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэнтэй холбогдуулан тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Дараа нь “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Улсын Их Хурлаас 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг баталсантай холбогдуулан Засгийн газар 2024 оны 238 дугаар тогтоолоор төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоож 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, албан хаагчдын цалингийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосонтой холбогдуулан Улсын Их Хурлаас цалингийн хэмжээг тогтоодог Үндсэн хуулийн цэц, Ерөнхий прокурорын газар, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газраас саналаа ирүүлсэн байна.
Улсын Их Хурал 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүний, Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тус тус өөрчлөн баталсан бөгөөд тогтоолын эцсийн найруулгыг сонсох, ёсчлох үйл ажиллагаа хийгдээгүй байгаа тул Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг төсөлд тусгаагүй болно.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.1-д зааснаас бусад асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид тухайлан заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа холбогдох хуульд заасны дагуу ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.”, 45.5 дахь хэсэгт “Байнгын хороо боловсруулан Улсын Их Хуралд оруулах асуудлыг энэ хуулийн 45.2, 45.3, 45.4-т заасан журмын дагуу хэлэлцэнэ.” гэж тус тус заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа хэмээсэн.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Болормаа асуулт асууж, саналаа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжсэн юм.
Мөн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсийг ахалж ажилласан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 42 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, 5 зорилго, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх 16 зорилтыг хүрэх үр дүнгийн хамт тодорхойлсон.
Тогтоолын 2 дахь заалтаар Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Байнгын, дэд хороодын саналыг харгалзан жил бүр баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгасан гэлээ.
2025 онд Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд 27 арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд ингэхдээ Байнгын, дэд хороодын саналыг албан ёсоор авч тусган, тухайн арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэх байнгын хороо, байгууллагыг тодорхойлон тогтоолын төсөлд тусгажээ.
2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхдөө агуулгын хувьд Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт болон хяналт шалгалтын ажлын цаглавартай давхцахгүйгээр, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлж, тус төлөвлөгөөнд тусгагдсан үр дүнд хүрэхэд чиглэгдсэн арга хэмжээг нэн тэргүүнд тусгасныг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тодотгосон.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар “Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.