Цэс

Холбоо барих

Утааны асуудал:Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдэвт хоёр дахь хэлэлцүүлэг эхэллээ


Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Утааны асуудал:Стандарт, хяналт (зуух түлшний технологи)  сэдвийн хүрээнд хоёр дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.22/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхэллээ.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ц.Баатархүү, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Ж.Чинбүрэн, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, Д.Энхтуяа нар болон холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 120 гаруй хүн оролцож байна.


Хэлэлцүүлгийг нээж, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлыг хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн үг хэлэв. Тэрбээр  хэлсэн үгэндээ, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, асуудлын цар хүрээ, ажиллах боломжийг харгалзан мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг тус тус баримтлан Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” гэсэн сэдвээр зохион байгуулахаар тогтож, тогтоол баталсныг онцлоод Ажлын хэсэг ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, бэлтгэл ажлын хүрээнд гурван удаагийн хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэсэн гэв.


Мөн тэрбээр, өнгөрсөн долоо хоногт эхний хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд даргалж Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсныг дурдаад өнөөдөр Утааны асуудал:Стандарт, хяналт (зуух түлшний технологи)  гэсэн чухал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийхээр болсныг онцлов. 

Энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, З.Мэндсайхан даргалсан бөгөөд тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хэлэлцүүлэг явуулах  дэг, хөтөлбөрийг танилцуулсан. 

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн технологийн шийдэл, үр дүн цаашдын чиг хандлагасэдвээр илтгэл тавилаа.


Тэрбээр илтгэлдээ, Улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот хамгийн их агаарын бохирдолтой хэсэг болоод байгааг дурдаад нийслэлийн агаарын бохирдлын үүсгүүрийн талаар танилцуулав. Японы олон улсын хамтын ажиллгаан байгууллага (ЖАЙКА)-аас гаргасан 2022 оны тайланд гэр хорооллын 198,840 яндангаас гарч буй утаа агаарын бохирдлын 55.6 хувь, 804.656 автомашины утаа 28.9 хувь, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад үүсгүүр 15.5 хувийг эзэлж буйг дурдсаныг эш татлаа.  

Мөн тэрбээр, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2011 оноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон богино хугацаанд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулав. 


Үргэлжлүүлэн Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн "Нүүрсний болон бусад цэвэр түлшний технологи хөгжүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын бодлого” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын таац, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хэрэглээний өсөлт, төлөвлөж буй эх үүсвэрийн төслүүд, олон улсын хотуудын агаарын бохирдол бууруулсан туршлага, хагас коксон түлшний агаарын бохирдолд үзүүлэх нөлөөлөл, дулааны цахилгаан станцын шаталтын процессоос ялгарсан бүтээгдэхүүнийг зайлуулах технологи, хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. 

Төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын таац болон Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хэрэглээний өсөлт, төлөвлөж буй эх үүсвэрийн төслүүдийн талаарх мэдээллийг доорх зургаас харна уу.


 


Түүнчлэн тэрбээр, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор Эрчим хүчний яамнаас томилогдсон Ажлын хэсэг 2023 оны 4 дүгээр сард туршилтын ажлуудыг зохион байгуулсныг дурдаад  улмаар үйлдвэрлэлийн туршилтаар 7, лабораторийн туршилтаар 5 нийт 12 хувилбар бүхий 39.6 тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэсэн. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний техникийн үндсэн үзүүлэлт болон хаягдал утаанаас ялгарах хорт хийн хэмжээг шинжлэн тодорхойлох ажлыг зохион байгуулж улсын хэмжээнд ажиллаж буй 6 лабораторид дээжүүдийг шинжлүүлж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулсан. Галлагааны үеийн туршилтуудыг дээрх 12 бүтээгдэхүүнд 3 байршилд хийсэн бөгөөд 4 төрлийн асаагчтай нийт 97 галлагааг зохион байгуулж холбогдох хэмжилт хийсэн гэж байлаа.


Уг илтгэлд хагас коксон түлшний агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийн талаар танилцуулсан бөгөөд 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан бөгөөд туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг улсуудын стандарттай ижил түвшинд хүрсэн байна. Түүнчлэн мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 51.9, хүхэр 57.7, үнслэг 37.2 хувиар бага байгаа нь хагас коксон сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдсон. Хагас коксоор үйлдвэрлэсэн шахмал түлшийг айл өрх хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтийн aгаарт хаягдах тоосонцорын хэмжээ 72.6, хүхэрлэг хийн хэмжээ 85.5, угаарын хийн хэмжээ 10.8, азотын исэл 23.5 хувиар тус тус буурах юм гэсэн байлаа.


Салбарын яамны илтгэлд цаашид төлөвлөж буй төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр 2027 оноос эхлэн чадлын дутагдалгүйгээр оргил ачааллыг давж гарах боломж бүрдэнэ. Хагас коксыг судалж Засгийн газарт танилцуулснаар Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр байгуулах шийдвэр гарсан. Дулааны цахилгаан станцуудын одоо байгаа хуурай батарей циклон, нойтон аргаар үнс барих шүүлтүүрийг АҮК нь 99.9 хувийн үзүүлэлттэй уутат шүүлтүүрээр сольж шинэчилснээр дэгдэмхий үнс, тоосонцрын хэмжээ буурна гэж дүгнэжээ.

Мөн хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг хэрэглэгч рүү чиглэсэн илүү хүртээмжтэй байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулан, нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний тарифыг нэмэгдүүлнэ. Гэр хорооллын айл өрхүүдэд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр 2025 онд 50.2 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн байлаа.


Хэлэлцүүлэг “Тавантолгой түлш”ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбатын “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, технологи, чанар”, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгийн “Агаарын бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдэд тавих хяналт”, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч Г. Шийрэвийн “Шахмал түлшний түүхий эд, шахмал түлшний шинж чанар, стандарт үзүүлэлт” сэдэвт илтгэлүүдээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл