Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.22/ хуралдаан 11 цаг 26 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ. Энэ талаар сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулсан. Тэрбээр, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилохоор заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30.1.1 дэх заалтад “... Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, ... гишүүний албан тушаалд томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол;”-ыг санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол явуулахаар заасныг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129-133 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30, 31 дүгээр зүйл, Нийтийн сонсголын тухай хуульд заасан үндэслэл, журам, дэгийг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг Төсвийн байнгын хороо дараах үе шаттайгаар зохион байгуулсан гэлээ.
Төсвийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвших хүсэлтийг Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, загварын дагуу ирүүлэхээр мэдээллийн хэрэгслүүдээр нээлттэй мэдээлэн 2024 оны 12 дугаар сарын 26-30-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд цахимаар болон бичгээр хүлээн авсан. Энэ хугацаанд хуульд заасан шаардлагын дагуу дөрвөн нэр дэвшигч хүсэлт, материалаа ирүүлж бүртгүүлсэн. Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар иргэн Ц.Бархасыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжсэн гэдгийг сонсгол даргалагч Г.Дамдинням гишүүн танилцуулгадаа онцлов.
Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй томилгооны сонсгол явуулахаар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйл, 131.1, 131.2 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр явуулахаар товлож, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг сонсгол даргалагчаар сонгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 07-20-ны өдөр буюу 14 хоногийн хугацаанд нэр дэвшигчээс асуулт асуух, нэр дэвшигчийн талаар бичгээр гаргах оролцогчийн саналыг хүлээн авахаар parliament.mn Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулж мэдээлсэн. Энэ хугацаанд сонсголд оролцох хүсэлт болон нэр дэвшигчийн талаар бичгээр санал гаргаагүй болно. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасны дагуу тус Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол явуулж, хуралдаанд Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирсэн тул хүчинтэйд тооцон сонсголыг явуулсан гэж байлаа.
Нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 132 дугаар зүйлд заасан дэгийг баримтлан сонсгол даргалагч нэр дэвшигчийн талаар товч танилцуулж, үүний дараа нэр дэвшигч уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа танилцуулж дууссаны дараа Байнгын хорооны гишүүн нэр дэвшигчээс асуулт асууж, хэлэх дэгээр явуулсан болно. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигч Цолмонгийн Бархас нь нэр дэвших хүсэлтдээ санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, зах зээлд оролцогчдод тэгш боломж олгох замаар санхүүгийн зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэх, санхүүгийн инновац, технологийг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлэх талаар тусгасан байна.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Төсвийн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу мөн өдрийн 12.00 цагт сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргасныг сонсгол даргалагч танилцуулгадаа тодотгож байлаа.
Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, З.Мэндсайхан, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Г.Ганбаатар, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс нэр дэвшигчдэд хандан тус албан тушаалд томилогдон ажиллахаар болсон нөхцөлд цахим тоглоомын үйл ажиллагааг цэгцлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх мэдээллийн давуу байдлаа ашиглан шийдвэр гаргахгүйгээр ил тод, засаглалыг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарч ажиллахыг захиж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар уг албан тушаалд нэр дэвших хүсэлтийн талаарх зарыг хэчнээн байгууллагын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн талаар, нэг байгууллага руу Байнгын хороо бүрээс хүмүүс нэр дэвшүүлж буй нь эцэстээ хуулийн зөрчил үүсгэх эсэх, Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан ашиг сонирхлын зөрчлын талаар болон цахим зээлийн үйлчилгээний талаар ямар байр суурь баримталдаг талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нэр дэвшигч эл албан тушаалд томилогдон ажиллаж буй хугацаандаа эл салбарын үйл ажиллагаанд оролцож орлого олохгүй гэж ойлгох нь зөв эсэх, койнтой холбоотойгоор бодлого, зохицуулалт хийхээр төлөвлөсөн зүйл байгаа эсэхийг лавлаж байлаа.
Эцэст нь нэр дэвшигч Цолмон овогтой Бархасыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд томилохыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Үргэлжлүүлэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан байгуулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Баясгалан, Г.Ганбаатар, Г.Дамдинням нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай”Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тус Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Үндэсний аудитын газраас ирүүлсэн Оюутолгой ХХК-ий хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс тайланг нээлттэй хэлэлцэж, мэдээллийг олон нийтэд хүргэх боломжийг хангах, мөн дээрх асуудлаар холбогдох санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах санал гаргасныг Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулав.
Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Батлут, Р.Батболд, З.Мэндсайхан, Д.Пүрэвдаваа, Д.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.