Цэс

Холбоо барих

Байнгын хорооны гишүүд их, дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хэлэлцүүлэг хийлээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд өнөөдөр /2025.01.21/ Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуульд ажиллалаа.

Үдээс өмнө Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус уулзалтад Байнгын хорооны дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, О.Батнайрамдал, Б.Эрдэнэбат, О.Саранчулуун, Ж.Галбадрах, Г.Дамдинням, А.Ганбаатар, Н.Алтаншагай, Б.Хэрлэн болон их, дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, удирдлагын төлөөлөл, эрдэмтэн багш нар оролцлоо.

Байнгын хорооны дарга Ч.Ундрам “Шинэчлэн баталсан Боловсролын тухай хууль хэрэгжиж эхлээд нэг хичээлийн жил өнгөрлөө. Салбар, салбарт асуудал бий. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхээр Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдсан. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд их, дээд сургуулийн зүгээс ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар танилцаж, шийдвэрлэх асуудлын талаар хэлэлцэж, нэг чигт урагшлая” гэлээ.

Уулзалтын эхэнд  Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Т.Намжил “ШУТИС-ийн өнөөдөр ба ирээдүй” сэдвээр мэдээлэл  өгч, хэрэгжүүлж буй онцлох төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа.

Тус сургуулийн хувьд 11 бүрэлдэхүүн сургууль, орон нутагт 3 салбар сургууль, 5 коллеж, Ерөнхий боловсролын 3 ахлах сургууль, 5 хүрээлэнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2000 гаруй багш ажилтан, 20 мянга орчим оюутан, сурагчтай. Тэлж хөгжих, дижитал шилжилтийн бодлогоос гадна “Оюутан-Багш-Хөтөлбөр” буюу засаглал, менежментийн бодлого, “Энтерпренер хэв шинжтэй судалгааны их сургууль”-ийг хөгжүүлэх үндсэн дөрвөн бодлогыг хэрэгжүүлж байна гэлээ.

Сургуулийн танилцуулга, бодлого, үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэсний дараа Байнгын хороодын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, гишүүдийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд Шинжлэх ухаан, технологийн сургууль судлаач, боловсон хүчнийг бэлтгэх өндөр оролцоотой гэдгийг онцлон хэлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл “Би шинжлэх ухааны салбарт 50 гаруй жил ажиллаж байна. Их сургуулийн хамгийн гол бүтээгдэхүүн бол оюутан юм. Улс эх орны хөгжлийг урагшлуулах гол хүчин зүйл нь мэргэшсэн, чадварлаг оюутан залуус юм” гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбаатар элсэлтийн чиглэлээр хэрхэн анхаарч байгааг тодруулан асууж байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах оюутны тоо багассан талаар дурдав.

Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар менежментийн асуудлыг хөндөж, шинжлэх ухаанд суурилсан боловсон хүчний нөөц дутмаг байгааг онцлоод, цаашид зах зээлийн захиалгаар бэлтгэж болох эсэх талаар тодруулга авсан.


Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал боловсролын салбарт хөрөнгө оруулалт чухал гэдгийг дурдаад аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж, төгсөгчдийн холбоог сайжруулж, эргэх холбоотой ажиллах нь чухал гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Эрдэнэбат багш, ажилчдыг тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн баталгааг нь хангах чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байгааг тодруулж, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун сургалтын хөтөлбөртөө зөөлөн ур чадварыг эзэмшүүлэх чиглэлээр онцгойлон тусгахыг санал болголоо.

Тус уулзалтын дараа Байнгын хорооны гишүүд Хөдөө аж ахуйн их сургуульд ажиллав. Уулзалтын эхэнд Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Б.Баасансүх мэдээлэл хийлээ.


Хөдөө аж ахуйн их сургууль нь бүрэлдэхүүн 6 сургууль, орон нутгийн 2 сургууль, Монгол Улсын тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 10.000 гаруй оюутан суралцаж, 1200 гаруй эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа төрийн өмчийн ууган сургуулийн нэг.


Энэ уулзалтаар сургуулийн төлөөлөлтэй санал солилцож, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн юм. Хөдөө аж ахуйн чиглэлээр элсэн суралцагчдын тоо эрс багассан талаар багш, судлаачид хэлж байв. Түүнчлэн эрэлттэй мэргэжлээр суралцагсдад хөнгөлөлт үзүүлэх, тэтгэлэг олгох асуудлын талаар болон багш, ажилчдын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах, судалгаа, шинжилгээний чиглэлээр хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх асуудлын хүрээнд ярилцлаа.


Мөн тус сургуулиудын үйлдвэрчний эвлэлийн хорооны саналыг сонслоо. Үйлдвэрчний эвлэлийн холбоодоос багш нарын статус төрийн албан хаагч мөн биш эсэх нь тодорхойгүйгээс зарим төрлийн тэтгэмж, нийгмийн хамгааллын асуудлаас хасагдах тохиолдол байгааг дурдсан. Тухайлбал, төрийн албан хаагчийн нэг хүүхдийг их дээд сургуульд хөнгөлөлттэй үнээр сургах болон ажилласан жилээс шалтгаалан тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид хамрагдаж чадахгүй байгаа талаар мэдээлэл өгсөн. Байнгын хорооны гишүүдийн зүгээс хууль, эрх зүйн орчин нөхцөлийг сайжруулж, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл