Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Санхүүгийн зохицуулах хорооны хууль, эрх зүйн зохицуулалт иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашигт нийцсэн эсэхэд анхааран ажиллана


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.01.21) Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны тухай болон Хорооноос зохицуулж буй салбарын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход анхаарч, төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэдэг байхыг чухалчиллаа. Зохицуулалт дутагдаж байгаа криптовалюттай холбоотой зах зээлийн хууль, эрх зүйн орчин одоог хүртэл тодорхойгүй байна. Тиймээс УИХ-аас хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил” бодлого дахь нийгмийн цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд хувьсан өөрчлөгдөж буй банкны бус санхүүгийн салбарын бүтээгдэхүүнүүдийг зохицуулсан хууль гаргахад Санхүүгийн зохицуулах хороо чухал үүрэгтэй ажиллахыг онцоллоо. Мөн зээлийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр орон нутгийн иргэдэд хүрч ажиллах шаардлагатай талаар дурдав. Түүнчлэн, банк бус санхүүгийн байгууллагууд болон банкны бус салбарын бусад оролцогч нарын үйл ажиллагааг иргэдэд ээлтэй байдлаар зохицуулахад дарамт шахалтаар бус хамтын ажиллагаагаар шийдэх талаар тодотголоо.


Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ, гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан үйлчилгээ зэргийг нэвтрүүлэхэд төвлөрч ажиллахаа илэрхийллээ.  Мөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль батлагдаад 13 жил болж байгаа учраас нийгмийн шаардлагыг бүрэн зохицуулж чадахгүй байгаа талаар дурдлаа. Түүнчлэн, хөрөнгийн зах зээл, даатгалын компаниудын хөгжил зэргийн талаар харилцан санал солилцов.


Санхүүгийн зохицуулах хорооны шинээр томилогдсон бүтэц, бүрэлдэхүүн илүү мэргэжлийн, үр дүнтэйгээр ажиллаж, шаардлагатай хууль, эрх зүйн шинэчлэлийг УИХ-тай хамтран хийхийг Д.Амарбаясгалан дарга үүрэг болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл