Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.01.17)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас өнөөдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хуваарилсан талаар мэдээллээ. Уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэх, эсэхийг дараа нь шийдвэрлэв. Санал хураалт явуулахад Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр яаралтай хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Уг зээлээр санхүүжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж, өгөөжөө өгч эхлэх эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг тэрбээр онцолсон юм. Төслийн санхүүжилтэд зориулан 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2017, 2019 онуудад тус тус соёрхон баталсан юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын гүйцэтгэл 2024 оны жилийн эцсийн байдлаар 23.5 хувьтай байгаа бөгөөд соёрхон батлагдсан зээлийн хэлэлцээрүүдээр баталсан санхүүжилтийн 268.8 сая ам.долларыг ашиглаад байна. Дэлхий дахиныг хамарсан "КОВИД-19" цар тахал, тээвэр ложистик болон бараа материалын үнийн өсөлт, технологи шийдэл, тээвэрлэлтийн асуудлыг манай улсын цаг агаарын нөхцөл байдалд тохируулах шаардлагатай болсноор төслийн зардал өссөн гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Энэ удаагийн зээлийн хэлэлцээрээр төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар болгож 462.2 сая ам.доллараар нэмж байгаа бөгөөд өмнө соёрхон батлагдсан зээлийн санхүүжилтийн 236.0 сая ам.долларыг шинээр авах зээлийн дүн дээр нэмж, нийт 700.0 сая ам.долларын хэлэлцээрийг байгуулах юм. Нөхцөл нь өмнө байгуулсан хэлэлцээрүүдтэй адил жилийн 1.75 хувийн хүү, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, үндсэн өрийн төлбөрөөс эхний таван жил чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаатай.
Төслийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны есдүгээр сард тодотгол оруулсны дагуу Засгийн газар нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сард хүргүүлснийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар 2024 оны 11 дүгээр сарын 26-нд шийдвэрлэж, ЭКСИМ банканд уламжилсныг тус банк 12 дугаар сарын 24-нд шийдвэрлэжээ. Зээлийн хэлэлцээрт 2025 оны нэгдүгээр сарын 16-н гарын үсэг зураад байгаа юм.
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар ТЭЗҮ хийгдсэн эсэх, газрын тосны хангамж, олборлолт, түүхий эдийн эх үүсвэр хангалттай эсэх талаар, мөн усны хангамж, нөөцийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн нар төсөв хэлэлцэх үед уг хэлэлцээрийг оруулж ирэх боломж байсан эсэх, ямар учраас төсөвт суулгаагүйг болон нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор үндсэн зээлийн эргэн төлөлт, үүнтэй зэрэгцэн хэрэгжих өөр том төсөл байгаа эсэх тухай, Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр гүйцэтгэлийн аудит байхгүй байгаа, мөн хэлэлцээрийн санхүүжилттэй холбоотой төсөв санхүүгийн дарамт үүсэх, эсэх, төсөл хэрэгжсэнээр санхүүжилтээ хэрхэн нөхөх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан ТЭЗҮ-ийн өртөг нэмэгдэх талаар, төсөл хэрэгжсэн хугацаанд бүтээн байгуулалтын ямар ажил хийгдсэн тухай, шимтгэлд эргэн төлөлт хийгдэж байгаа эсэх, 13,1 сая ам доллар төлсөн, эсэх, эргэн төлөлтийн нөхцөлд хүүгийн тооцоолол байхгүй байгаа талаар, мөн жилд хүүгийн төлбөрт ямар хэмжээтэй төлбөр төлдөг, дефолт хүүгийн талаар гэрээнд тусгагдсан эсэх тухай асуудлуудыг тодруулан асууж, хариулт авсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар дэмжих шаардлагатай төсөл боловч үйл явц алдаатай, төслийн талаарх мэдээлэл хангалтгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсэхгүй байхад анхаарах талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар ТЭЗҮ, тооцоо судалгаа хангалтгүй, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ байхгүй, газрын тосны хангамж график төлөвлөгөөг тодорхойгүй зэрэг асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төсөлд улсын төсвөөс болон бусад эх үүсвэрээс дахин ямар ч санхүүжилт хийхгүй, дахин зээл авахгүй байх, хэлэлцээрт заасан хугацаанд ашиглалтад оруулах, бүтээн байгуулаллтын явцыг тухай бүр дүгнэж мэдээлэх, худалдан авалтыг нээлттэй байлгах, үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг судлах талаар ажиллах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар төсөл улс орны хөгжилд хэрэгтэй, эсэх талаар дүгнэх, төслийг хэрэгжүүлэхдээ хариуцлагатай хандах, баримт тооцоотой байхад анхаарах талаар тус тус үг хэлжээ. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, хуулийн төслүүд яаратай горимоор өргөн баригдаж, хэлэлцэгдэж байгаа учир мэдээлэл дутмаг байгааг дурдаж, Монгол Улс авсан зээлийнхээ ашиглаагүй хэсэгт хүү төлөөд явж байгааг анхааруулан, хэлэлцээрт тусгасан 36 сарын хугацаандаа үйлдвэр ашиглалтад орохгүй бол хэн хариуцлага хүлээхийг асуув. Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баягийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай хариулахдаа төслийн EPC1-ийн ажил 100 хувь дууссан, EPC2-ийн ажил 25 хувьтай, EPC3-ийн ажил мөн 20 хувьтай явааг дурдаад, энэхүү зээлийн хэлэлцээрийг соёрхон баталснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлуудын гэрээ баталгаажиж дуусна. Гэрээ баталгаажиж дууссан өдрөөс хойш 36 сарын хугацаанд EPC4-ийн бүх бүтээн байгуулалт дуусна гэлээ. Мөн Сангийн яамны Өрийн удирдлагын газрын дарга Л.Гантогтох өнөөдрийн байдлаар манай улс ашиглаагүй зээлийн төлбөрт 10.1 сая ам.доллар, үндсэн өрийн төлбөрт 26.0 сая ам.доллар төлөөд байгааг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр төслийн бүтээн байгуулалтын ажилд технологи, эдийн засгийн шийдлийн олон асуудал, бэрхшээл байна гээд, газрын тос боловсруулах үйлдвэр маань ашиглалтад ороод, өөрөө өөрийгөө санхүүжүүлж, өртгөө нөхөж, төсөвт хүндрэл учруулахгүй ажиллах, өртөг зардал нь дахин нэмэгдэхгүй гэх баталгаа байгаа эсэхийг асуулаа. Мөн тэрбээр 36 сарын дараа үйлдвэр ямар үнэ бүхий бүтээгдэхүүн гаргах эхлэхийг тодруулав. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гэрээ, эрх зүйн газрын дарга У.Чинзориг түүний асуултанд хариулахдаа үйлдвэр өртгөө 7-8 жилийн дотор нөхөх эдийн засгийн тооцоотойг болон нэгж бүтээгдэхүүнийг 2100 төгрөгөөр үйлдвэрлэнэ гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар газрын тос боловсруулах үйлдвэр бол монгол хүн бүрийн мөрөөдөл гэдгийг онцолж, тэр тусмаа бид энэ асуудалд алдаа гаргаж болохгүй хэмээн анхааруулаад, манай улсын нефть олборлолтын одоогийн нөөц боломж үйлдвэрийг түүхий эдээр хангаж хүрэлцэхгүй хэмжээнд байгааг ярьж, тооцоо судалгаагүй, хяналтгүй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж болохгүй гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга зээлийн ашиглагдаагүй үлдэгдэлд төлж буй хүүгийн хэмжээ, зээлдэгчийн газар нутагт ноогдох бүх төрлийн татвар, хураамжаар чөлөөлөх нөхцлийн талаар асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа анх байгуулсан зээлийн хэлэлцээрээр баталсан санхүүжилтийн 34 хувийн нэмэлт орж ирж байгаа гэх боловч 44 сая ам.доллараар илүү байгаагийн учрын магадлаж, үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардагдах материал, техник, тоног төхөөрөмж, тээвэр логистикын үнэ өссөн гэдгийг хаана, хэрхэн баталгаажуулсан, аудит, хөндлөнгийн хяналт хийгдсэн эсэх талаар асуусан юм. Мөн тэрбээр, өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрт хамаарах зарим санхүүжилтийг шинээр байгуулж байгаа хатуу нөхцөл, заалттай хэлэлцээр рүү татах нь зөв эсэх, зээлийн эргэн төлөлтөд ямар нэгэн асуудал үүсэхэд Эксим банкны тодорхойлсон баримтаар шууд төлөх нөхөн төлбөрийн хатуу заалт ямар эрсдэл дагуулах, Монгол Улсад үүссэн хэлэлцээртэй холбоотой аливаа асуудлыг Энэтхэгийн хуулийг барьж шийдвэрлэх нь зөв эсэхийг хөндөж асуулаа. Сангийн сайд Б.Жавхлан болон ажлын хэсгийн гишүүд төслийн төсөвт өртгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл тооцоолсон бөгөөд үүнд Засгийн газар яман нэгэн өөрчлөлт хийгээгүйг болон зээлийн хэлэлцээрт тусгасан нөхөн төлбөрийн хатуу нөхцөл, Энэтхэгийн хуулиар асуудлыг шийдвэрлэх зэргийг манай тал хүлээн зөвшөөрсөн гэдгийг хэлэв. Мөн маргаан гарвал олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх заалт тусгасан тухай ярилаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин газрын тосны үйлдвэр барих төслийн Монгол Улсад эргэлзээгүй хэрэгтэйг хүлээн зөвшөөрч байгаагаа дурдаад, энэхүү нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр батлагдахгүй бол ямар эрсдэл үүсэхийг асууж, бүтээн байгуулалтын менежментийг сайжруулах шаардлагатайг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан ус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд хяналт, шалгалт хийх Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэгт ажиллах боломж олгосны үндсэн дээр энэхүү зээлийн хэлэлцээрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг уг гэрээ хэлэлцээрийн төсөлд хуулийн дүгнэлт гаргасан эсэх, мөн нөхөн төлбөрийн хатуу нөхцөлд Энэтхэгийн талын гүйцэтгэлийн нөлөөллийг харгалзах эсэх талаар асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа үйлдвэр барих ажлын олон хэсэгчилж, тус бүрд нь гэрээ байгуулснаас түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй нэг том гэрээ байгуулах нь зүйтэй байсан эсэхийг тодруулж, Матад, Тамсагийн газрын тосны нөөц улам багасаж байгаа зэргийг харгалзан бүтээн байгуулалтыг түргэвчлэх шаардлагатайг анхааруулж, евростандартын буюу өндөр стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэх учир ашиглалтад орсноос хойш менежментийг хэрэгжүүлэх компанийг бэлтгэхэд одооноос анхаарах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Анар үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлснээс хойш найман жил өнгөрч буйг сануулж, хугацаа алдаж буйд хэн хариуцлага хүлээхийг асуув.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы дараагийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.