Цэс

Холбоо барих

АБГББХ:Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ

 

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.01.17/ хуралдаан 16 цаг 17 минутад эхэлж,  Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж, өгөөжөө өгч эхлэх эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтой төсөл юм. Улсын Их Хурлын зүгээс төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2017, 2019 онуудад тус тус соёрхон баталсан бөгөөд 2024 оны жилийн эцсийн байдлаар төслийн хүрээнд 268.8 сая ам.долларын эх үүсвэрийг ашиглаж, төслийн нийт ажлын гүйцэтгэл 23.5 хувьтай байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.  


"КОВИД-19" цар тахлын дараах тээвэр ложистик, бараа материалын үнийн өсөлт, түгээлт, тээвэрлэлтийн дэд бүтцийг манай улсын цаг агаарын нөхцөл байдалд тохируулах зэрэгтэй холбоотойгоор теникийн зарим нэмэлт, өөрчлөлт оруулах болсон нь төслийн хэрэгжилтийн явцад зардлыг өсгөхөд нөлөөлсөн. Нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны 09 дүгээр сард хэлэлцэн, төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар болгож, баталсан. Үүний дагуу Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сард энэтхэгийн талд хүргүүлэн шийдвэрлүүлэхээр ажилласны үр дүнд,  Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын зүгээс зээлийн хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор шийдвэрлэсэн гэв


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банк хооронд Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн зээлийн хэлэлцээрт 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурсныг Б.Жавхлан сайд онцлоод уг нэмэлт санхүүжилтийн зээлийн  хэлэлцээр нь өмнөх 236.0 сая ам.долларын зээлийн дүнг нэгтгэснээр 700.0 сая ам.доллар, зээлийн нөхцөл нь өмнөх зээлийн адил жилийн 1.75 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй гэж байлаа. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр, Б.Жаргалан нар асуулт асууж үг хэлсэн.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, улсын төсвөөс болон бусад эх үүсвэрээс эл төсөлд нэг ч төгрөг нэмэхгүй, мөн зээл нэмж авахгүй, төслийг 36 сарын хугацаанд нь  зайлшгүй ашиглалтад оруулах асуудлыг Улсын Их Хурлаас гаргах шийдвэрт тусгуулах саналтай байна гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Энэ төслийг анх хэлэлцэж эхлэхэд газрын тос боловсруулах үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн нь импортын түлшнээс хямд байх ёстой гэдгийг би хөндөж байсан. Иймд үндэсний үйлдвэр учраас импортын түлшнээс үнэтэйгээр монголынхоо хэрэглэгчдэд нийлүүлэх, үнэ нь өндөр байсан нөхцөлд зээлээ эргүүлэн төлөх боломжтой байна гэдэг асуудлыг цаашид ярихгүй гэдгийг онцгойлон анхааруулав.


Түүнчлэн гишүүд газрын тос боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) бий эсэх, усны нөөц болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан судалгаа хийлгэсэн талаар болон энэтхэгийн талаас 11 дүгээр сарын 26-нд шийдвэр гаргасан байхад Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгаагүй шалтгааныг илүүтэй лавлаж байлаа.

“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарласан тендерт энэтхэгийн “Инженерс Индиа” компани шалгарч газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хоёр жилийн хугацаанд хийж, гүйцэтгэсэн. ТЭЗҮ-ээр үйлдвэр барьж байгуулбал Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр ашигтай гэсэн шийдвэр гарсны дагуу Монгол Улсын Засгийн газар 2017 онд тус үйлдвэрийг барихаар шийдвэрлэсэн. ТЭЗҮ-ийг “Инженерс Индиа” компани боловсруулж, Итали улсын “Кинетикс технологи” компани хөндлөнгийн хяналтыг тавьж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэн, хүлээж авсан хэмээн хариулав.


Мөн үйлдвэрийн байршил сонгосон шалтгаан нь усны эх үүсвэртэй холбоотой. 2012 онд Сайншандын аж үйлдвэрийн парк цогцолборын хүрээнд хийсэн судалгаануудаар Бор хөөврийн говийг усан хангамжаар ашиглах хамгийн тохиромжтой хувилбар гэж тогтоосон. Ингээд тухайн үеийн Байгаль орчны яамны Усны нөөцийн газрын 2014 оны тогтоолоор Бор хөөврийн говийн гүний уснаас Сайншандын аж үйлдвэрийн паркт баригдах үйлдвэрүүд болон газрын тос боловсруулах үйлдвэрийг усаар хангана гэсэн шийдвэрийг гарсан. Энэ шийдвэрийн дагуу  тус үйлдвэрийн усан хангамжийг Бор хөөврийн говиос хангахаар шийдвэрлэсэн гэсэн тайлбарыг өгөв.

Харин Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хариу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яамаар дамжин ирсэн гээд зээлийн ашиглалтыг том дүнтэйгээр урагшлуулъя гэвэл Төсвийн тухай хуулийн хүрээнд төсвийн зардалд заавал суулгах зохицуулалттай тул төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүснэ гэж байлаа.


Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл