УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар /2025.01.16/ Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоол болон томилогдсон гишүүдийг биечлэн танилцуулахаар Үндэсний статистикийн хороонд ажиллалаа.
Тус хорооны гишүүнээр И.Батхүү, Т.Гарамжүгдэр, А.Даваасүрэн, Г.Золбоо, Д.Мягмарцэрэн, Д.Цолмон нар томилогдсон байна. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дээрх гишүүдийг нэг бүрчлэн танилцуулсны дараа үг хэлсэн.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд эрх мэдэл хоорондын хяналт тэнцлийг хангах, УИХ-ын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ-ын хуулийн биелэлтэд хяналт тавих онцгой бүрэн эрхэд тулгамдаж байсан асуудлуудыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр 2020 онд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн үндсийг тогтоосон гэдгийг онцлов. Мөн тэрбээр, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, УИХ-ын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын удирдлагын баг бүрэлдэхүүнийг томиллоо.
Дэгийн тухай хууль шинэчлэгдсэнээр өмнө нь албан тушаалын эрхлэх асуудлын чиг үүргийн дагуу шууд зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталдаг байсныг өөрчилж, зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэдийн төлөөллийг оролцуулж, мөн төрийн байгууллагын эрхлэх асуудлын чиг үүргийн дагуу холбогдох албан тушаалтнуудыг нэр дэвшигчийн сонсголоор ийнхүү нээллтэй хэлэлцэж томиллоо гээд Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн шинэ баг бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.