Монгол Улсын Их Хурлын өнөөдрийн (2025.11.16) чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын холбогдох тогтоолуудыг баталсан. Үргэлжлүүлэн шинээр томилогдсон албан тушаалтнууд ажлаа хүлээн авч, Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулах үйл ажиллагаа Санхүүгийн зохицуулах хорооны хүндэтгэлийн танхимд боллоо.
Танилцуулгын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хуультай болох асуудлыг тусгасны дагуу 2020 онд Монгол Улсын Их Хурлаас Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Мөн өнгөрсөн оны 07 дугаар сарын нэгнээс Хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 126 гишүүнтэй парламентын анхны гэж хэлж болох, Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд зохион байгуулагдсан томилгоонууд өнөөдөр (2025.11.16) хийгдлээ. Тодруулбал Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг Хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулж, томилсон хэмээн онцоллоо.
Мөн Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж хэлсэн үгэндээ нэр дэвшигчийн нээлттэй сонсгол олон нийтэд нээлттэй, ил тод нийт 12 цаг 50 минут үргэлжилсэн бол уг асуудлыг Улсын Их Хурлаар 8 цаг хэлэлцэж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилсон гэдгийг дурдаад Санхүүгийн зохицуулах хороог амжилттай удирдсан өмнөх удирдлагуудад талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүслээ. Ингээд үүрэгт ажлаа авахаар ирээд буй Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилсон Улсын Их Хурлын тогтоолуудыг уншиж танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг,13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Түндэвийн Жамбаажамцыг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас Дэмбэрэлдашийн Баярсайханыг чөлөөлсөн бол мөн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Булганы Саруул, Шагдаржавын Хандсүрэн нарыг томилсоныг уг тогтоолд дурдсан байв.
Түүнчлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас Баасанжавын Батхишиг, Баярсайханы Баярдаваа, Нямандэлэгийн Мандуул нарыг тус тус чөлөөлсүгэй гэжээ. Танилцуулсан дараагийн Улсын Их Хурлын тогтоол нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай юм. Тогтоолд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргаар Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Оюунтөгсийн Оч, Чимэдийн Сайханбилэг, Соронзонболдын Халиунаа, Болдбаатарын Энхбаяр нарыг тус тус томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Равсалын Ринчинбазарыг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Болдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам, Жадамбаагийн Эрдэнэбилэг нарыг тус тус чөлөөлж байгааг дурджээ. Дээрх тогтоолуудыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэсний дагуу ийнхүү шинээр томилогдсон СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.