Цэс

Холбоо барих

АҮББХ: Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.01.15)-ийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон  хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлого, үйл ажиллагааны замналыг товч дурдаад, Засгийн газрын агентлаг болон сангийн үүсэл, тэдгээрийн эрх зүйн байдал, чиг үүрэг, хамрах хүрээг цухас танилцуулсан юм. Дараа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хуулийн хэрэгжилт болон сангийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зээл олголт, эргэн төлөлт, зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн зохицуулалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг, улсын бүртгэлд бүртгүүлсэн, ашиг олох зорилго бүхий дотоодын бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарна. Тус хуульд зааснаар үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт ажилладаг 10 хүртэл ажилтантай, жилийн 300.0 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой хоршоо, нөхөрлөл, компанийг бичил, 10-50 хүртэл ажилтантай, жилийн 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл орлоготой бол жижиг, 50-200 хүртэл ажилтантай, жилийн 1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой бол дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж ангилж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 76,561 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээрт нийт 253,095 хүн ажиллаж байгаа юм.

Хуулийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээнд хөнгөлөлттэй зээл олгох, хүүгийн хэмжээг бууруулах, хүүгийн татаас олгох, батлан даалт гаргах, тоног төхөөрөмжийн санхүүгийн хөнгөлөлттэй түрээсийн үйлчилгээ, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Мөн экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний болон кластер хэлбэрээр ажилладаг үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, төрийн худалдан авалт, бизнесийн зөвлөх үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгаагаар дэмжих, техник, технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, гадаад, дотоод зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, дотоодын болон олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж оролцуулах зэрэг санхүүгийн бус дэмжлэг үзүүлж буй юм.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2009 онд байгуулагдсан бөгөөд улсын төсөв, Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны дамжуулан зээл болон орон нутгийн төсвөөс нийт 737,6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлж, 8946 төсөлд 1,1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Эдгээр зээлдэгчид нийтдээ 39,827 ажлын байрыг хадгалж, 54,622 ажлын байр шинээр бий болгосон байна. Зээлдэгчдийн 7398 буюу 82.8 хувь нь 854.1 тэрбум төгрөгийн буюу нийт зээлийн 78.8 хувийг бүрэн төлж барагдуулаад байгаа бөгөөд 2024 оны эцсийн байдлаар 1,533 зээлдэгчийн 228,9 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн авлагатай байгааг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга мэдээллээ. Тус сан 2019-2022 онд Засгийн газрын болон Хөгжлийн банкны бондын 123,6 тэрбум төгрөгийн төлбөрийг бүрэн төлжээ.

Сангийн зээлийн эрэлт их байдгийг Я.Эрдэнэчулуун дарга мэдээлэлдээ дурдаад, 2009-2024 оны хооронд 33 458 төсөлд 5,0 их наяд төгрөгийн хүсэлт ирснээс зээл хүсэгчийн 26,7 хувь, санхүүжилтийн 22 хувийг шийдвэрлэсэн гэлээ. Тус сангийн зээлдэгчид 2009-2024 оны хугацаанд 6,694 хүнсний болон хөнгөн үйлдвэрийг өргөтгөж, 2,252 үйлдвэр шинээр бүтээн байгуулжээ. Сүүлийн таван жилд л гэхэд 960 төсөлд 116.5 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгосноор 5189 ажлын байр шинээр бий болгож, 3552 ажлын байрыг хадгалж үлдсэн дүнтэй байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газраас сүүлийн таван жилийн хугацаанд тусгай активын эрсдэлийг удирдах, муу активыг төлүүлэх ажлыг эрчимжүүлж холбогдох хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх замаар нийт 80.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг төвлөрүүлжээ. Түүнчлэн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан /IFAD/, аймаг орон нутагтай хамтран Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрийг 17,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн эрсдэлийн даатгалын тогтолцоо, төслийн газар дээрх үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэн, төсөл хүлээн авах, сонгон шалгаруулах үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, нээлттэй, ил тод болгосон байна. Мөн зээлдэгчдийн эрэлтэд тулгуурлан зээлийн багцыг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлснээр 2018 онд 97,0 тэрбум төгрөгийг 213 зээлдэгчид олгож байсан бол 2024 онд 37,5 тэрбум төгрөгийг 224 аж ахуйн нэгжид олгосон байна. Гадаад болон дотоодын зах зээлд үндэсний бүтээгдэхүүнийг сурталчилж, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 35 үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулсанд 3,300 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцож 30,8 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллажээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид тус сангаас авсан нэг удаагийн зээлийн хөрөнгөөр бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тоног төхөрөмжийн шинэчлэлтээ хийх, өсөн дэвжих боломж бага байгааг ярьж, зээлдэгч сангаас дараа дараагийн зээлийг авах боломж бий эсэх, мөн энэ салбарын үйлдвэрлэл, бизнесийг кластер хэлбэрээр хөгжүүлэх бүсчилсэн судалгаа хийсэн эсэхийг асуув. Энэхүү кластер хөгжүүлэлтийн асуудалд ач холбогдол өгч байгаагаа Байнгын хорооны дарга С.Ганбаатар нэмж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын зургийг гаргаж ажиллахыг зөвлөсөн юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан өмнө олгосон зээлийн эргэн төлөлтөөр ажиллаж байгаа бөгөөд 2025 онд 40.0 тэрбум төгрөгийн зээл олгоно гээд санд шинээр эх үүсвэр нэмэгдээгүй, улсын төсөвт суугаагүй тул дутагдалтай байгаа гэсэн хариулт өгөв. Тус сангийн зээлийн эрэлт, хүсэлт их байдаг учир тэр хэрээрээ хэл ам ихтэй тул санхүүжүүлэх төслийн шалгаруулалт, ил тод байдлыг сайжруулсан байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Замира сангийн зээлийг зээлдэгчдэдээ үр ашиг, өгөөж өгөхүйц байдлаар ажиллах, бизнесийн эрэлт хэрэгцээг судалж ажиллах, мал аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарах талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн эдийн засгийн хөгжил, уул уурхайн оборлох салбарын өсөлттэй уялдуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн шалгуур ангиллын  босгыг дээшлүүлэх, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих бодлогыг тодорхойлох, хөнгөлөлттэй зээлийн зэрэгцээ газар олголт, дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх, технологи нэвтрүүлэх, орон нутгийн томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад нь туслах, батлан даалт, зөвлөх үйлчилгээг сайжруулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл Баян-Өлгий аймгийн алслагдсан Булган сумын уулархаг нутгийн малчид бэлчээр, тэжээлийн хомсолтой байгааг дуулган, тэжээлийн ургамал тариалахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр тэжээлийн тариалалтыг улсын хэмжээнд 1.0 га талбайд хийж байгааг 20 хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг мэдээлж, тариалах талбайгаа иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлүүлж яаманд ирүүлэхийг зөвлөв. Байнгын хорооны дарга С.Ганбаатар тэжээлийн тариалангийн талбайд нэмэгдүүлэх гэж буй Засгийн газрын ажлыг сайшааж, орон нутгийн хурлуудаар асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх талаар Байнгын хороноос дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтлоо.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг салбар, салбарын яамдад тараасан нь аж үйлдвэрийн нэгдмэл бодлогыг саармагжуулж байгааг анхааруулаад, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх бүсчилсэн судалгааг хийж, үр дүнг танилцуулах, 79.0 хувьд хүрч байсан чанаргүй зээлийг 39.0 хувь болгож бууруулсан нь сайн ч энэ үзүүлэлт мөн л өндөрт тооцогдоно гэсэн байр сууриа илэрхийлж бүр багасгах талаар зорилт тавьж ажиллах нь зүйтэй гэсэн юм. Улсын их Хурлын гишүүн Б.Пунсалмаа жижиг, дунд үйлдвэр бол улс орны эдийн засгийн суурь гэдгийг онцолж, жилд дунджаар 280 орчим төсөлд зээл өгч байгаа нь хангалтгүй байгааг тэмдэглэсэн юм. Тэрбээр төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг арга замаар жижиг, дунд үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжихэд анхаарч, шаардлагатай эрх зүйн өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийх ёстой гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих төрийн бодлого 40-өөс доош насны залуусыг ажилтай, орлоготой болгоход чиглэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, зорилтот бүлэг болон зорилтот салбараа тодорхойлж ажиллах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой байх жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тавих шаардлагыг өндөрсгөх, 300.0 сая төгрөгийн зээлийн дээд хэмжээг мөн нэмэгдүүлэх, зээлдэгчдэд төслөө амжилттай хэрэгжүүлэх бизнесийн менежментийн сургалт явуулах, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгцээ байгааг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа бүртгэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгч 76000 аж ахуйн нэгжийн 71000 нь ес хүртэл тооны ажиллагсадтай байгаа нь манай улсын энэ салбар бичил түвшинд байгааг илтгэж байна гээд, борлуулалтад нь төрөөс дэмжлэг үзүүлж ажиллах тухай Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаагийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, Г.Лувсанжамц нар хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд болон яамны хамт олныг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Замира мал аж ахуй бол жижиг, дунд үйлдвэрлэлийн эх үүсвэр болохыг онцолж, сангаас олгох зээлийн үйлчилгээг арилжааны банкаар дамжуулж явуулахгүй байх хэрэгтэй гэсэн санал хэлсэн юм.

Байнгын хорооны дарга С.Ганбаатар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар тодорхой санал дэвшүүлж ажиллах, кластер үйлдвэрлэлийн талаарх судалгааг хийж, бодлогыг тодорхойлох, сүүлийн жилүүдэд ихээхэн хэмжээгээр хаягдаж байгаа дайвар бүрээгдэхүүнийг боловсруулах технологийг шийдлийг гаргах, хүний нөөц болон жижиг, дунд үйлдвэрлэл бизнесийг хөгжүүлэхэд арилжааны зээлийг чиглүүлэх бодлогын шинэчлэлт хийх шаардлагтайг дурдан, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Дээрх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонсож, хэлэлцсэнтэй холбогдуулан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дараа нь хэлэлцэв. Ажлын хэсгийн чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбараар хязгаарлалгүй бичил болон өрхийн аж ахуйг нэмж тусгах саналыг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, мэргэжлийн яамтай хамтран аймаг, сум бүрд кластер хэлбэрээр үйлдвэрлэл хөгжүүлэх нөөц, боломжийн талаарх судалгааг хийх тухай саналыг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга С.Ганбаатар гаргаж тогтоолын төсөлд тусгууллаа.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг Х.Жангабыл Г.Очирбат Д.Энхтүвшин М.Энхцэцэг Д.Энхтуяа Д.Үүрийнтуяа, Д.Батбаяр С.Замира Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, М.Ганхүлэг нар ажиллахаар төсөлд тусгасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл