Улсын Их Хурлын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.01.15/ “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Ч.Ундрам, Н.Батсүмбэрэл, Э.Болормаа, Г.Лувсанжамц, С.Цэнгүүн нар болон холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 30 гаруй хүн оролцов.
Хэлэлцүүлгийг нээж ажлыг хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг үг хэлэв. Тэрбээр, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хууль, эрх, зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, арга хэмжээг тодорхойлох ажлуудыг хийж хэрэгжүүлж байгааг дурдаад хуулийн хэрэгжилтийг сайжруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоо, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах шаардлагатайг дурдсан.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Японы залуучуудыг дэмжих бодлогын талаар, НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа Монголын залуучуудын нөхцөл байдлын шинжилгээ үр дүнгийн талаар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Нийгмийн судалгааны хэсгийн эрхлэгч Э.Дашзэгвэ Гадаадын зарим орны залуучуудын хөгжлийг дэмжих, эрхийг хамгаалах, үндэсний хууль тогтоомжуудын талаар, Залуучуудын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батдорж болон “Алсын хараа-2050” Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ж.Тана нар Залуучуудын хөгжлийн стратегийн талаар танилцуулав.
Мөн залуучуудад тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох төрийн болон олон улсын байгууллага, судлаачдын санал, бодлоо илэрхийлж, ажлын хэсэг цаашид хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Ажлын алба