Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.15) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр, 18 цаг 10 минутад эхлэн гурван асуудал хэлэлцэв.

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эхлээд хэлэлцсэн. Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дугаар заалтын дагуу Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байгаагаа дурдаад тус сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцууллаа.  2024 онд сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2 тэрбум төгрөгийг түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц, алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, түүх, археологийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн байна. Эрдэнэсийн санд 2024 онд нэр бүхий 7 иргэнээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирүүлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар эдгээр эд зүйлс нь Монголбанкны Эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулахад тавигдах шаардлагыг хангахгүй тул худалдан авах боломжгүй гэж шийдвэрлэсэн аж. Иймд төсвийн гүйцэтгэл 0 төгрөг хэмээн танилцуулав. Мөн Эрдэнэсийн сангийн гүйлгээ, үндсэн санд орлогоор бүртгэсэн Чингис хааны алтадсан хүрэл баримлын зардлын төсөв, ажлын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Монголбанк 100 ширхэг дурсгалын зоосны дээж үндсэн санд орлогод авахаар төсөвлөснөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 116 ширхгийн гүйцэтгэлтэй гарсан байна. Эрдэнэсийн сангийн 2024 оны төсвийн 1.4-1.7-д тусгасан 2018 оны 5000 төгрөгийн загвар 2 ширхэг, 1938 оны 2 төгрөг 50 мөнгөний вексель нэг ширхэг Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкны мөнгөний чек нэг ширхэг, 20.000  төгрөгийн мөнгөн тэмдэгтийн хэв нэг ширхгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгээсэн гэв. Эрдэнэсийн сангийн гүйлгээ сангаас 24.550 ширхэг дурсгалын зоос болон алтан, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө зарлагдахаар тусгаснаас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 200 ширхэг дурсгалын зоос, 5840 ширхэг дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдаалжээ.


Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хүрээнд 2024 онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн талаар дурдаад 2025 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийг танилцуулав. Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2025 онд дараах байдлаар нэмэгдүүлж үндсэн санд орлогоор бүртгэхээр төлөвлөж байна. Үүнд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр түүх соёлын хөдлөх дурсалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц, алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллахад 2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, 1945 оны зоосон мөнгө 2000 ширхгийг Эрдэнэсийн сангийн тэнцлийн гадуурх данснаас үндсэн орлогод бүртгэх, Монголбанкны “Хүндэт банкир” жижиг тэмдэг, хайрцгийг тэнцлийн гадуурх данснаас үндсэн сангийн байнгын бус хэсэгт бүртгэхээр төлөвлөжээ. Мөн 2025 онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлсийг гүйлгээ санд орлогоор бүртгэх аж. Гүйлгээ сангаас 24.500 ширхэг дурсгалын зоос, гулдмай, үрлэн мөнгийг зарлагадахаар тусгаснаас худалдах зорилтоор 24.300 ширхгийг, зочид төлөөлөгчийн зардлаар 200 ширхгийг мөнгө зэс, дурсгалын зоос зарцуулахаар тусгалаа. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д “Сэргээн засварлах арчлах” гэж заасны дагуу Чингис хаан баримал болон Эрдэнэсийн сан хөмрөг дэх эд зүйлсийн арчилгаанд 200 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Монголбанкны дэд ерөнхийлөгчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Монгол Улсын Эрдэнэсийн сан, музейн үйл ажиллагаа, хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, баяжуулалт, орлого зарлагын байдлын талаарх хөндлөнгийн аудитын дүгнэлт, энэ дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар П.Сайнзориг гишүүн тодрууллаа. Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны талаарх ерөнхий мэдээллийг Г.Энхтайван дэд ерөнхийлөгч мэдээллээд, жил бүр олон улсын аудитын байгууллага болон дотоод хяналтын байгууллага жил бүр олон улсын стандартын дагуу хяналт шалгалт явуулдаг гэлээ. Энэ хоёр хяналтын дүгнэлт зөрдөггүй гэдгийг тайлбарлаад үйл ажиллагаа хууль тогтоомжийнхоо хүрээнд хэвийн байгаа гэдэг хариулт өгсөн. Э.Батшугар гишүүн, тайлант онд хосгүй үнэт зүйл худалдаж авсан эсэхийг тодруулахад “Иргээд ирүүлсэн саналыг Эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулахад тавигдах шаардлагыг хангахгүй тул худалдан авах боломжгүй хэмээн мэргэжлийн зөвлөл шийдвэрлэсэн” хэмээгээд Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн бодлогын шийдвэр, түүний үр нөлөөний талаар гишүүний тодруулсны дагуу мэдээлэл өгсөн. Н.Батсүмбэрэл гишүүн, Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн гүйцэтгэл болон зарим зарлагын гүйцэтгэлтэй холбоотой тодруулга хийж, Г.Энхтайван дэд ерөнхийлөгчөөс хариулт авсан. Б.Жаргалан гишүүн, Чингис хааны алтадсан хүрэл баримлын болон үзэсгэлэн зохион байгуулах ажлын зардлын гүйцэтгэлийн талаар тодруулж, хариулт авав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг баримтлан боловсруулсан Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг Р.Сэддорж дарга хуралдаанд танилцуулахад төсөлтэй холбогдуулан П.Сайнзориг гишүүн үг хэлсэн юм. “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ийн хэлэлцээд, холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигчийн талаар танилцууллаа. 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Хорооны даргад Улсын Их Хурлын дарга … нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно” гэж заасныг үндэслэн Түндэвийн Жамбаажамцыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж байгаа гэлээ. Т.Жамбаажамц нь 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр, 2006 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2017 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Нэр дэвшигч 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээр ажиллаж эхлээд тус байгууллагад нийтдээ 16 жил ажилласан байна. Тодруулбал, 2006-2007 онд Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, 2007-2009 онд Үнэт цаасны газарт мэргэжилтэн, 2009-2011 онд  Үнэт цаасны газрын хянан шалгагч; 2011-2013 онд Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч; 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга; 2014-2015 онд Үнэт цаасны газрын дарга; 2015-2016 онд Хяналт шалгалтын газрын орлогч дарга; 2016 оноос одоог хүртэл Ажлын албаны даргын албан тушаалыг эрхэлсэн туршлагатай болохыг Д.Амарбаясгалан дарга танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон төрийн захиргааны тэргүүн зэрэг дэвтэй, төрийн мэргэшсэн албан хаагч болохыг дурдав. Нэр дэвшигчийн мэргэшсэн байдлын хувьд Япон, Англи, Малайз, Энэтхэг, Египет, Солонгос, Хятад, Америк зэрэг улсад санхүүгийн хөрөнгийн зах зээлийн чиглэлээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан байна. 2010-2012 онд Нью-Йорк хөрөнгийн бирж, Лондоны хөрөнгийн бирж, Хонгконгийн хөрөнгийн бирж, АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк, Үнэт цаасны хороонд дадлагажигчаар суралцсан байна. 2011 онд БНСУ-ын Хөрөнгө оруулалтын банк болох “Leading Investment & Securities”-т гурван сарын хугацаанд дадлагажиж тус тус мэргэжил дээшлүүлсэн болохыг Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Мөн хөрөнгийн зах зээл, компанийн засаглал, бизнесийн эрх зүй сэдвээр санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд эрх олгох болон мэргэшүүлэх сургалт, Санхүү, эдийн засгийн их сургуулийн магистрын хөтөлбөрт 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байгаа нэгэн юм байна.

Т.Жамбаажамцын санхүүгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн байдал, мэдлэг боловсрол Санхүүгийн зохицуулах хорооны төсөв, санхүү, хүний нөөцийн удирдлага, Монгол Улсын даатгал, бичил санхүү, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн зах зээлийн бодлого, зохицуулалт, хяналтын орчныг бүрдүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлага, удирдлага, зохион байгуулах чадвар, байгууллагадаа тасралтгүй, тогтвортой, бүх түвшинд буюу гүйцэтгэх, удирдах албан тушаалд ажилласан байдлыг харгалзан төрийн албаны чадахуйн зарчимд үндэслэн Улсын Их Хурлын даргын зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байгаа гэлээ.

Үргэлжлүүлэн Р.Сэддорж дарга нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэг, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэг, 129, 130, 131, 132 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 273 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж, дараах ажиллагааг явуулсан гэв. 1/Хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Улсын Их гишүүнд Булганы Саруул, Лувсандоржийн Сонор, Шагдаржавын Хандсүрэн нарыг, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргад Мягмарсүрэнгийн Буяндэлгэр, гишүүнд Оюунтөгсийн Оч, Болдбаатарын Энхбаяр нарыг, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд Намсрайн Батнасан, Раднаасэдийн Даваадорж, Батбаатарын Мөнхзаяа, Бямбажавын Энх-Амгалан нарыг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Нинжбатын Ууганбаатарыг, гишүүнд Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд Төмөрбаатарын Гарамжүгдэр, Дорждэрэмийн Цолмон, Ганболдын Золбоо, Идэшийн Батхүү, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Авирмэдийн Даваасүрэн нарыг нэр дэвшүүлсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”, “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”, “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”, “Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”, “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу нэр дэвшигчид нь материалаа бүрдүүлж, Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” тогтоолыг баталж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийг томилсон.


Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчдийн мэдээллийг parliament.mn буюу Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулсан юм. Түүнчлэн сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг байршуулсан зарыг Улсын Их Хурлын цахим хуудас, нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 14 хоногийн хугацаанд давтамжтай хүргэжээ. Сонсгол явуулах тухай зар мэдээллийн дагуу иргэн Б.Ганбаяр сонсголд оролцож, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асуух тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хороо оролцогчийн хүсэлтийг хүлээн авсан огноо, цаг, минутаар бүртгэж, баталгаажуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Байнгын хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр сонсголын ирц бүрдэх бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Нэр дэвшигчийн сонсголд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат нарын гишүүд оролцсон юм. Сонсголд оролцогч иргэн Б.Ганбаяр сонсголын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргад нэр дэвшигч М.Буяндэлгэр, гишүүнд нэр дэрвшигч О.Оч, Б.Энхбаяр нараас асуулт асууж, хариулт авсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэж заасны дагуу сонсголд оролцсон гишүүд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргасан болохыг Р.Сэддорж дарга танилцуулсан.

Тус тайлангаар нэр дэвшигч Түндэвийн Жамбаажамцыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын, нэр дэвшигч Булганы Саруул, Лувсандоржийн Сонор, Шагдаржавын Хандсүрэн нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Нэр дэвшигч Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргад, Оюунтөгсийн Оч, Болдбаатарын Энхбаяр нарыг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Нэр дэвшигч Намсрайн Батнасан, Раднаасэдийн Даваадорж, Батбаатарын Мөнхзаяа, Бямбажавын Энх-Амгалан нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Нэр дэвшигч Нинжбатын Ууганбаатарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад, Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн аж.


Нэр дэвшигч Төмөрбаатарын Гарамжүгдэр, Дорждэрэмийн Цолмон, Ганболдын Золбоо, Идэшийн Батхүү, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Авирмэдийн Даваасүрэн нарыг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Нэр дэвшүүлэх эрх бүхий албан тушаалтны санал болон нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Ө.Шижир, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, үг хэлсэн. Ингээд санал хураалтууд явууллаа. Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Түндэвийн Жамбаажамцыг томилуулахыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 13 нь буюу 72.2 хувь нь, бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг мөн хувиар дэмжив. Санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Булганы Саруулыг томилуулахыг гишүүдийн 77.8 хувь нь, Лувсандоржийн Сонорыг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Шагдаржавын Хандсүрэнг томилуулахыг гишүүдийн 72.2 хувь нь дэмжиж, бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Баасанжавын Батхишиг, Нямдэлэгийн Мандуул, Баярсайханы Баярдаваа нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжив. Санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Хуралдаан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргад нэр дэвшигчийн талаарх хэлэлцүүлгээр үргэлжилсэн бөгөөд гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулсан. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргаар Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Оюунтөгсийн Очийг томилуулахыг 83.3 хувь нь, Болдбаатарын Энхбаярыг томилуулахыг 77.8 хувь нь дэмжсэн. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн дарга Равсалын Ринчинбазарыг, Хяналтын зөвлөлийн гишүүн Батболдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжлээ. Иймд Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Байнгын хорооны дарга танилцуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Намсрайн Батнасанг томилуулахыг гишүүдийн 72.2 хувь нь,  Раднаасэдийн Даваадоржийг томилуулахыг 61.1 хувь нь, Батбаатарын Мөнхзаяаг томилуулахыг 72.2 хувь нь, Бямбажавын Энх-Амгаланг томилуулахыг гишүүдийн 72.2 хувь нь дэмжин, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарын бүрэн эрх дууссантай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжсэн. Р.Сэддорж дарга Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг хуралдаанд танилцуулаад, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.


Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Мандхай, Н.Батсүмбэрэл, М.Бадамсүрэн нар асуулт асууж, үг хэлэв. Дараа нь Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Нинжбатын Ууганбаатарыг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Сугарын Лхагвадоржийг томилуулахыг 72.2 хувь нь, Гэрэлтийн Тэлмэнг томилуулахыг 83.3 хувь нь, Тунсагийн Тэлмэнг томилуулахыг 88.9 хувь нь, Данзанбалжирын Энхжаргалыг томилуулахыг 77.8 хувь нь, Ундраагийн Хосжаргалыг томилуулахыг 77.8 хувь нь, Гомбын Эрдэнэбаярыг томилуулахыг 83.3 хувь нь дэмжсэн. Иймд бүрэн эрх нь дуусгавар болсонтой холбогдуулан Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Далрайн Даваасамбууг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Лхагвадоржийн Ариунаа, Лувсан-Очирын Дондог, Баатаржавын Лхагважав, Бат-Очирын Цэрэнбалтав, Чойгүнсэнгийн Чимидсүрэн, Мишигийн Энх-Амгалан нарыг чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 77.8 хувь нь дэмжив. Иймд уг санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Р.Сэддорж дарга танилцуулаад, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Р.Сэддорж нар асуулт асууж, үг хэлэв. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр Идэшийн Батхүүг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Төмөрбаатарын Гарамжүгдэрийг томилуулахыг гишүүдийн 61.1 хувь нь, Авирмэдийн Даваасүрэнг томилуулахыг гишүүдийн 61.7 хувь нь, Ганболдын Золбоог томилуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь, Дамдиндоржийн Мягмарцэрэнг томилуулахыг гишүүдийн 83.3 хувь нь, Дорждэрэмийн Цолмонг томилуулахыг гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн тул санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Р.Сэддорж дарга танилцуулаад, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, уул уурхайн салбараас хүртэх үр өгөөжийн талаар орон нутгийн иргэдийг мэдээлэлжүүлэх, уул уурхайн биржийн арилжаа болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов.

Геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл хайгуулын ажлын тухай Ц.Туваан сайд эхлээд танилцууллаа. Геологийн салбар нь том, цогц салбар бөгөөд төрөл бүрийн масштабтай зураглал, эрэл, үнэлгээ хайгуул, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологи, геоморфологи зэрэг олон салбар шинжлэх ухааныг багтаадаг болохыг дурдсан. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэхээр тусгасны дагуу хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар тэрбээр танилцуулсан.

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологийн судалгаа геологийн судалгааны ажлын үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд болон бүс нутаг тодорхой газар нутгийн нийгэм эдийн засгийн байдалд үнэл үнэлгээ дүгнэлт өгөх хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, хөгжлийн стратегийг боловсруулах суурь мэдээлэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой аж. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1:50000 геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 46.9 хувьтай, улсын геологийн 1:200000 иж бүрэн зураг зохиох ажил 100 хувьтай, тус зургийг нэгтгэх ажил 14 хувь, геохимийн 1:1000000 масштабын зураг зохиох ажил 100 хувь, агаарын геофизикийн 1:200000 соронзон судалгааны ажилд 70 хувийг хамруулаад байгаа аж.

Ашигт малтмалын эрлийн чиглэлээр үнэт, өнгөт, хар, ховор холимог металлын эрэл, үнэлгээний төслүүдийг хэрэгжүүлж дууссан байна. Эдгээр судалгааны ажлын үр дүн 25 төрлийн 126 илэрц, 9 ордыг тогтоон илрүүлж, баялгийн хэмжээг тооцсон байна. Монголын өнгөт болон үнэт металлын хүдэржилт байх өндөр магадлалтай талбайд агаарын геофизикийн цогцолбор судалгааг сүүлийн үеийн аргачлалаар түүний үр дүн, үнэмшил, нарийвчлалыг нэмэгдүүлэх зорилгоор 202 мянган км2 нутагт гүйцэтгэж байна аж.

Тусгай зөвшөөрлийн талбайд хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж буй хайгуулын ажлын талаар сайд үргэлжлүүлэн танилцууллаа. Хайгуулын ажил нь ашигт малтмалын орд буюу эдийн засгийн үр ашигтай нөөцийг эрэх, хайх, үнэлэх, тооцоолох гэсэн геологийн судалгааны нэг үе шатын ажил юм. Хувийн хэвшлээс хайгуулын ажил 2016 онд 192,5 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2021 онд 102,5 тэрбум төгрөг болж буурсан гэлээ. Геологи хайгуулын салбарыг олборлох боловсруулах салбарын өмнө хөгжүүлэх стратегийг баримтлан эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах зорилгоор хөрөнгө оруулалтыг татах ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд төрөөс тогтоосон талбайд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох арга хэмжээг хэрэгжүүлснээр 2022 онд 168,8 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулсан байна. Хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнд 2014-2023 онд зэсийн нөөц 32,1 мянган тонноор, алтны нөөц 488,6 тонноор, төмрийн нөөц 630,9 сая тонн, хайлуур жоншны нөөц 38,8 сая тонноор тус тус нэмэгдсэн гэлээ.


Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын тухай Ц.Туваан сайд танилцуулсан. 1994 оны Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр, 1997 оноос иргэн болон хуулийн этгээдэд өргөдлөөр, 2006 оноос сонгон шалгаруулалт болон өргөдлөөр, 2014 оноос өргөдөл болон сонгон шалгаруулалтаар, 2017 оны өөрчлөлтөөр зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор болсон. 2010 онд тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хууль батлагдан 2010-2014 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй байна. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуульд тусгасан. Уг өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулалтын журмыг баталж, тус журмаар 2024 оны 4 дүгээр сар хүртэл тусгай зөвшөөрөл олгосон байна. 2024 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 74 хувьд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй, хориглогдсон байдаг бол Засгийн газар 2018 онд 8.4 сая га, 2023 онд 8.6 сая га талбай, нийтдээ 17 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж талбай солбилцол баталсан байна. 2024 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар нийт 2726 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Үүний 981 нь хайгуулын, 1632 ашиглалтын  тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа гэв. Энэ нь нийт нийт нутаг дэвсгэрийн 4.38 хувийг эзэлж байгаа хэмээн Ц.Туваан сайд танилцууллаа. 2018-2024 онд буюу 7 жилийн хугацаанд 533 хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож, улсын төсөвт 177 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Үргэлжлүүлэн тэрбээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааны тухай танилцуллаа. Уулын уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээр Монголын хөрөнгийн бирж ХК-иар дамжуулан 2023 онд 14,9 сая тонн нүүрс, 604.8 мянган тонн төмрийн баяжмал арилжиж, нийт 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, үнийн өсөлтөөс хамаарч 155.3 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. 2024 онд 859 удаагийн арилжаагаар нийт 36.7 сая тонн нүүрс, 2.9 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал, 17.6 мянган тонн хайлуур жонш, 6000 тонн зэсийн баяжмал арилжиж 16.26 их наяд төгрөгийн орлогыг тус тус олсон байна.


Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаарх мэдээллээр танилцуулга үргэлжилсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалт үндсэн 4 багцаас бүрдэх ба эдгээр ажлууд нь EPC1 багцын 11 барилга, байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусаж улсын комисст шат дараатайгаар хүлээлгэн өгсөн байна. EPC2 багцын инженер, геотехник суурь судалгааны ажлыг дуусган ажлын нарийвчилсан зургийн ажлыг эхлүүлж 2023 оны 4 дүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлжээ. Багцад багтсан байгууламжийн ажлын нарийвчилсан зургийг Испани Улсын “Интеска Индастриал” компани гүйцэтгэж байгаа зарим зураг төслийг боловсруулж дууссан байна. Атмосферийн болон вакум нэрлэгийн цамхаг зэрэг 20 орчим тоног төхөөрөмжүүдийг Америк, Франц, Энэтхэг, Австрали зэрэг улсад үйлдвэрлэж эхлээд байгаа гэв. EPC 3 буюу ДЦС-ын уурын зуухыг Их Британийн, турбин генераторыг Германы компаниудад захиалж, эдгээр тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Мөн тус багцын ерөнхий гүйцэтгэгчээр “Мега Инженеринг” компани 160 гаруй зураг төслийг боловсруулан ажиллаж байгаа гэлээ. EPC4 багц ажилд хамрах лицензтэй технологийн байгууламжийг лиценз эзэмшигчээр шалгарсан Францын “Аксенс”, Италийн “Генетикс технологи”, АНУ-ын “Ю Өү Пи”, “Хони Велл”, Шотландын “Шелл” компаниуд өөр өөрсдийн байгууламжийн зураг төслийг боловсруулж 2023 онд дуусгасан аж. Ерөнхий гүйцэтгэгч “Мега Инженеринг” компани EPC4 багц ажлын гэрээг батлагдсан зээлийн дүнд багтаан багц ажлын 1 дүгээр хэсгийн гэрээг байгуулсан ба нэмэлт санхүүжилт шийдвэрлэгдсэний дараа уг багцын 2 дугаар хэсгийн гэрээг байгуулах юм байна. ТЭЗҮ-ийн тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 онд хэлэлцэж, хүлээн авсан байна. Төслийн багц ажлуудын гүйцэтгэл 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар EPC1 100 хувь, EPC2 23.8 хувь, EPC3 17 хувь, EPC4 8 хувийн гүйцэтгэлтэй, ерөнхий дүнгээр 21.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа болохыг Ц.Туваан сайд танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд үргэлжлүүлэн ашигт малтмалын бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээрх Улсын Их Хурлын шийдвэрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд 1,849.7 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, 507.1 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тусгасан гэв. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ц.Туваан сайдаас хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг баримтлан боловсруулсан "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан хэмээгээд энэ талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж хуралдаанд танилцууллаа. Ашигт малтмал, газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн санд тухайн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшиж, улсын төсөвт төлсөн АМНАТ-ын 30-аас доошгүй хувийг хуваарилах чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор төсөлд тусгажээ. Төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн санаачилснаа дурдаад, холбогдох тайлбар хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Р.Сэддорж нар төсөлтэй холбогдуулан санал хэлж, Ц.Туваан сайд холбогдуулан хариулт, тайлбар өгсөн. Ингээд Байнгын хорооны дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдсан юм. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл