Цэс

Холбоо барих

Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо

Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээн дүнгээ гаргалаа. Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүрийн Үндсэн хуулийн өдрийг угтан явуулдаг тус тэмцээний анхан шатны буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүд орон даяар өнгөрөгч 2024 оны 11 дүгээр сарын 23-24-нд, хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнүүд 12 дугаар сарын 14-15-нд болсон бөгөөд шигшээ тэмцээн Төрийн ордонд өчигдөр, өнөөдөр хоёр өдөр үргэлжиллээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 104, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөв. Швейцарь системээр найман өрөг тоглосон тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Нийслэлийн Хан-Уул дүүргээс шалгаран оролцсон, Завхан аймгийн уугуул С.Сод-Эрдэнэ 7.0 оноогоор тэргүүлж алтан медаль, Монголын хуульчдын холбооны шатарчин Д.Ганхөлөг мөн 7.0 оноогоор удаалж мөнгөн медаль, Нийслэлийн Баянзүрх дүүргээс шалгаран оролцсон Т.Эрдэнэчулуун 6.5 оноогоор гутгаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн уугуул, Нийслэлийн шатрын холбооны шатарчин И.Нангилмаа 6.5 оноогоор тэргүүлж алтан медаль, Завхан аймгийн шатарчин Э.Тунгалагсайхан, Баянхонгор аймгийн шатарчин Д.Азжаргал нар тус тус 6.0 оноогоор хоёр, гуравдугаар байрт орж мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналт 4-6 байрын шагналыг эрэгтэйчүүдээс Увс аймгийн шатарчин Ш.Мөнхбат, Дархан-уул аймгийн шатарчин Ц.Ням-Отгон, Дорноговь аймгийн шатарчин Г.Баттүвшин нар, эмэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн шатарчин З.Мөрөн, Монголын шатрын холбооны шатарчин Ц.Болортуяа, Өмнөговь аймгийн шатарчин Д.Отгонбаяр нар тус тус хүртэв.

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах тэмцээний ялагчид болон ахмад тамирчид, 1700 хүртэл болон 1700-аас дээш чансаатай тамирчдын шагналыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, О.Амгаланбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар нар гардуулав. Монголын шатрын холбооноос олгодог “Оюунлаг түшээ” шагналыг Үндсэн хууль тогтоогчдын холбооны ахмад шатарчин Д.Чилхаажав, Т.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, О.Амгаланбаатар нарт олголоо.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний эхний гурван байрт шалгарч, медаль хүртсэн тамирчид Монгол Улсын спортын дэд мастер цолны болзол хангаж буй бөгөөд ардчилсан Үндсэн хуулийн ойн өдөр үнэмлэх, тэмдгээ гардан авна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл