Цэс

Холбоо барих

АБГББХ: Гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжсэн санал, дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.01.10/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд зөвшилцөхөөр ирүүлсэн дээрх асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийн хуульд зохицуулагдаагүй байсныг Монгол Улсын Их Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийг баталсан.

Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо гэрээний төслийг тус тусын хуралдаанаараа урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлснийг Байнгын хороо уг хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу нэгтгэн хэлэлцсэн юм.

Гэрээний төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах уран олборлох төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлж, хөрөнгө оруулагч талтай урьдчилан тохирч боловсруулж, Цөмийн энергийн тухай хуулийн 30.3-д заасны дагуу зөвшилцөхөөр танилцуулж буй аж.

Тэрбээр, Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах энэхүү төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг. Энэхүү гэрээг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байрыг бий болгох, шинэ технологи нутагшуулах, мөн олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтоох үр дагавартай болохыг тэмдэглэсэн юм.

Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад 1997 оноос хойш хайгуул, олборлолтын чиглэлээр тасралтгүй 27 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сараас Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлж, 2022 оны 12 дугаар сард амжилттай гүйцэтгэж дуусгасан байна. 2023 оны 05 дугаар сараас эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын холбогдох захирамжуудаар Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцээ хийж, эцэслэн боловсруулсан хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд, тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсгүүд, гэрээ, эрх зүй, эдийн засаг, хөрөнгө оруулалт, татвар, санхүү, олборлолт, үйлдвэр, технологи, байгаль орчин, орон нутаг гэсэн 5 чиглэлд салбарын сайд нарын ахалсан ажлын хэсэг байгуулагдаж, гэрээний хэлэлцээг үргэлжлүүлэн хийж эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Ажлын хэсгээс гэрээний төслийн хувилбарыг боловсруулахдаа Монгол Улсын эрх ашигт нийцсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож байх, талуудын хүртэх өгөөжийг тэнцвэртэй хангах суурь зарчмуудыг хатуу баримталж, ирээдүйд аливаа эрх зүйн үр дагаваргүй хэрэгжих боломжийг бүрдүүлэх, цаашид жишиг гэрээ болох нөхцөлийг хангахад анхаарсан болохыг Н.Учрал сайд тодотгов. Мөн энэ чиглэлээр олон улсад нэр хүнд бүхий мэргэшсэн санхүү, хууль, байгаль орчны зөвлөхүүд болон дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажилласныг сайд Н.Учрал онцлов.

Монгол Улсын Засгийн газраас дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчмыг баримтлан хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийж, Монгол Улсын эрх ашиг, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн боловсруулсан гэж танилцуулсан юм. Эдийн засаг, хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын дэд хэсэг ажиллаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дараах нөхцөлүүдийг урьдчилан тохиролцжээ. Тодруулбал, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 500 сая ам.доллар байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хийхээр тусгаж, хөрөнгө оруулагчийг хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой хугацаатай зааж, анхны хөрөнгө оруулалтын хувьд төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны санхүүжилтийг зээл түүнтэй адилтгаж санхүүгийн хэрэгслээр бүрдүүлэхгүй, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон байна. Төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг зөвшөөрөхгүй, зээл авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр шийдвэрлэхээр, гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө төсөл хэрэгжүүлэгч компанид олгосон хувьцаа эзэмшигчийн зээлийг төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд шилжүүлэхээр тохирсон байна. Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцооллын шууд ашиглахаас илүүтэй ТЭЗҮ-д тулгуурлан, олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured and Transparent) стандартын дагуу өөрийн талын санхүүгийн тооцооллын загварыг Монголын талаас боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр, жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулсан байна. Гэрээний төсөлд Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд ногдох шууд үр өгөөжид тооцох орлогыг тусгайлан дурдаж, хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй байгаа тохиолдолд хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцжээ. Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг бууруулахгүй байх талаар гэрээнд тусгах юм байна. Засгийн газар нь бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авахаар гэрээний төсөлд тусгажээ. Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх заалтыг тусгасан хэмээн танилцуулав. Мөн татвар, санхүүгийн чиглэлээр хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн ААНОАТ, НӨАТ, АМНАТ, гаалийн тариф гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирсон байна. Татвар тооцох аргачлалыг өргөн утгаар нь тогтворжуулах санал ирүүлснийг хэлэлцэж, зөвхөн татварын төрөл, хувь хэмжээ, элэгдэл хорогдолд тооцох хугацаа, алдагдал, ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа гэсэн 3 үзүүлэлтийг тогтворжуулахаар тохирчээ. АМНАТ-ыг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга, инфляц тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгах юм байна. Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн (BEPS) эсрэг зарчим болон дотоодын хуулийг бүрэн дагаж мөрдөхөөр гэрээний төсөлд тусгаж байгаа аж. Маркетингийн төлбөрийг татварын болон санхүүгийн тайлангийн зорилгоор хасагдах зардалд зардлаар бүртгэхгүй болохыг хэлэлцээрийн явцад хөрөнгө оруулагч талтай тохирч, зөвшөөрүүлжээ.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хэрэгжүүлснээр улс,  орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байрыг шинээр бий болгож, шинэ технологи нутагшуулж, хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэх юм байна. Ураны орд ашиглах энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ төрлийн үйлдвэрийг хөгжүүлэх, төсвийн орлого, ДНБ-ий өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлж, дэвшилтэт технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлж, мэргэшсэн боловсон хүчний нөөц бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг бий болгох юм байна. Үүнээс гадна Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болж, улмаар ураны зах зээлийн гол тоглогчдын нэг болох, нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх эхлэл тавигдах болно хэмээн Н.Учрал сайд танилцуулсан юм.

Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн талаар Эдийн засгийн, Байгаль орчин, хүн, хөдөө аж ахуйн, Төсвийн байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн нар танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Эцэст нь Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуульд “Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэсэн бол Улсын Их Хурлын тогтоолын төслийг санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” хэмээн заасны дагуу Байнгын хорооны санал, дүгнэлт, Байнгын хорооноос боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл