Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.10/ хуралдаан 11 цаг 51 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.
Гэрээний төслийн танилцуулгыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хийлээ. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах уран олборлох төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлж, хөрөнгө оруулагч талтай урьдчилан тохирч боловсруулж, Цөмийн энергийн тухай хуулийн 30.3-д заасны дагуу зөвшилцөхөөр танилцуулж байгаагаа дурдав.
Мөн “Зөөвч-Овоо”, “Дулаан-Уул”-ын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах энэхүү төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг. Энэхүү гэрээг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байрыг бий болгох, шинэ технологи нутагшуулах, мөн олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтоох үр дагавартайг онцоллоо.
Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад 1997 оноос хойш хайгуул, олборлолтын чиглэлээр тасралтгүй 27 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сараас “Зөөвч-Овоо” ордын үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлж, 2022 оны 12 дугаар сард амжилттай гүйцэтгэж дуусгасан байна. 2023 оны 05 дугаар сараас эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын холбогдох захирамжуудаар Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцээ хийж, эцэслэн боловсруулсан хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд, тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсгүүд, гэрээ, эрх зүй, эдийн засаг, хөрөнгө оруулалт, татвар, санхүү, олборлолт, үйлдвэр, технологи, байгаль орчин, орон нутаг гэсэн таван чиглэлд салбарын сайд нарын ахалсан ажлын хэсэг байгуулагдаж, гэрээний хэлэлцээг үргэлжлүүлэн хийж, эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Ажлын хэсгээс гэрээний төслийн хувилбарыг боловсруулахдаа Монгол Улсын эрх ашигт нийцсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож байх, талуудын хүртэх өгөөжийг тэнцвэртэй хангах суурь зарчмуудыг хатуу баримталж, ирээдүйд аливаа эрх зүйн үр дагаваргүй хэрэгжих боломжийг бүрдүүлэх, цаашид жишиг гэрээ болох нөхцөлийг хангахад анхаарсан болохыг Н.Учрал сайд тодотгов.
Мөн энэ чиглэлээр олон улсад нэр хүнд бүхий мэргэшсэн санхүү, хууль, байгаль орчны зөвлөхүүд болон дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажилласныг цохон тэмдэглэж байв.
Монгол Улсын Засгийн газраас дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчмыг баримтлан хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийж, Монгол Улсын эрх ашиг, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн боловсруулсан гэлээ. Эдийн засаг, хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын дэд хэсэг ажиллаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дараах нөхцөлүүдийг урьдчилан тохиролцжээ. Тодруулбал, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 500 сая ам.доллар байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хийхээр тусгаж, хөрөнгө оруулагчийг хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой, хугацаатай заажээ. Анхны хөрөнгө оруулалтын хувьд төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны санхүүжилтийг зээл түүнтэй адилтгаж санхүүгийн хэрэгслээр бүрдүүлэхгүй, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон ба төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг зөвшөөрөхгүй, зээл авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр шийдвэрлэхээр тохирчээ. Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө төсөл хэрэгжүүлэгч компанид олгосон хувьцаа эзэмшигчийн зээлийг төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд шилжүүлэхээр тохирсон байна. Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцооллын шууд ашиглахаас илүүтэй ТЭЗҮ-д тулгуурлан, олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured and Transparent) стандартын дагуу өөрийн талын санхүүгийн тооцооллын загварыг Монголын талаас боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр, жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулсан байна. Гэрээний төсөлд Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд ногдох шууд үр өгөөжид тооцох орлогыг тусгайлан дурдаж, хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй байгаа тохиолдолд хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцжээ. Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг бууруулахгүй байх талаар гэрээнд тусгах юм байна. Засгийн газар нь бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авахаар гэрээний төсөлд тусгажээ. Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх заалтыг тусгасан болохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав.
Мөн татвар, санхүүгийн чиглэлээр хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашиг малтмалын нөөц ашигласны төлбөр, гаалийн тариф гэсэн дөрвөн төрлийн татварыг тогтворжуулахаар тохирсон байна. Татвар тооцох аргачлалыг өргөн утгаар нь тогтворжуулах санал ирүүлснийг хэлэлцэж, зөвхөн татварын төрөл, хувь хэмжээ, элэгдэл хорогдолд тооцох хугацаа, алдагдал, ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа гэсэн гурван үзүүлэлтийг тогтворжуулахаар тохирчээ. АМНАТ-ыг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга, инфляц тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгах юм байна. Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн (BEPS) эсрэг зарчим болон дотоодын хуулийг бүрэн дагаж мөрдөхөөр гэрээний төсөлд тусгаж байгаа аж. Маркетингийн төлбөрийг татварын болон санхүүгийн тайлангийн зорилгоор хасагдах зардалд зардлаар бүртгэхгүй болохыг хэлэлцээрийн явцад хөрөнгө оруулагч талтай тохирч, зөвшөөрүүлжээ. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 286 дугаар тогтоолоос хойш өнөөг хүртэл шар нунтгийг ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнд тооцож экспортод “0” хувийн НӨАТ ногдуулан, буцаан олгохоор заасныг өөрчлөхөөр хатуу байр суурийг баримтлан хэлэлцээрийг хийсэн хэмээн Н.Учрал сайд танилцууллаа.
Хөрөнгө оруулагч талаас зөвхөн ураны төсөлд зориулж тогтоол өөрчлөхийг зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан байна. Улмаар хэлэлцээрийн явцад Засгийн газар эцсийн бүтээгдэхүүнд ”0” хувийн НӨАТ ногдуулах асуудлаар нэгдсэн бодлогоор уул уурхайн бүх компанид ижил хандсан тохиолдолд НӨАТ төлөхийг зөвшөөрөх боломжтой талаар хөрөнгө оруулагч талтай харилцан ойлголцолд хүрч, гэрээний төсөлд тусгасан байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хэрэгжүүлснээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байрыг шинээр бий болгож, шинэ технологи нутагшуулж, хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэх юм байна. Ураны орд ашиглах энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ төрлийн үйлдвэрийг хөгжүүлэх, төсвийн орлого, ДНБ-ий өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлж, дэвшилтэт технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлж, мэргэшсэн боловсон хүчний нөөц бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг бий болгох юм байна. Үүнээс гадна Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болж, улмаар ураны зах зээлийн гол тоглогчдын нэг болох, нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх эхлэл тавигдах болно хэмээн Н.Учрал сайд танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Ганбаатар, Б.Заяабал, О.Номинчимэг, С.Ганбаатар, Х.Булгантуяа нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд олон жил гацсан төсөл урагшилж, УИХ-аар хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөхөөр оруулж ирж байгаад талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ стратегийн ач холбогдол бүхий ордын 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших хэдий ч 10 хувийг нь давуу эрхийн хувьцаагаар орлуулж, үлдэж байгаа хэсгийгээ АМНАТ-өөр, тусгай төлбөрөөр орлуулахад үр өгөөжийн хувьд харьцуулсан тооцоолол хийсэн эсэхийг илүүтэй тодруулж байлаа.
Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн эзэмшлийн 34 хувь болон хэлэлцээрт орсон үр өгөөжийн тооцооллыг тодорхой тоогоор нь харьцуулах боломжгүй. 34 хувь нь төрийн эзэмших хувь хэмжээ хэдий ч үр өгөөжийн асуудал нь тусдаа. Тухайлбал, Оюутолгойн гэрээгээр жишээ татвал бид хувь эзэмшээд өнөөдрийг хүртэл нэг төгрөгийн ногдол ашиг аваагүй байна. Харин энэ хэлэлцээрээр бид 51 хувийн өгөөжийг ямар ч тохиолдолд тогтвортойгоор авна хэмээн хариулж байлаа.
Мөн гишүүд Монгол, Франц улс давхар татварын гэрээтэйг дурдаад төсөлд энэ талаар хэрхэн тооцоолсон болон говийн бүс нутгийг усаар хангах асуудал нь Засгийн газрын тэргүүлэх чиглэлд тусгагдсан тул хэлэлцээрт энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх асуудал хөндөгдсөн эсэхийг лавлаж байв. Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хариултдаа, Монгол, Франц улс хооронд 1994 онд давхар татварын гэрээ үзэглээд 1999 оноос үйлчилж эхэлснийг дурдаад давхар татварын гэрээтэй холбоотойгоор хамгийн чухал асуудал болох гэрээг урвуулан ашиглаж, татвараас зайлсхийх эрсдэл үүссэн тохиолдолд яах вэ гэдэг асуудлыг гэрээний төслийн 5.4-т тодорхой тусгасан. Иймд давхар татварын гэрээтэй холбоотой эрсдэл үүсэхгүй хэмээв.
Харин Усны газрын дарга З.Батбаяр, Энэхүү гэрээний хүрээнд Монгол Улсын хэмжээнд усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгох бодлогыг хэрэгжүүлэхийн тулд говийн бүсэд хамаарч байгаа энэ төслийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт онцгой анхаарал тавьсныг тодотгоод бидэнд төслийг хамарсан сав газарт нийтдээ 7 мянга орчим литр, секундын усны хэрэгцээ байхаар төсөөлж байгаа. Одоогийн байдлаар 3000 орчим литр секундийг хангах боломжтой байна. Тиймээс дутагдаж байгаа гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэхэд алсын зайнд ус шилжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Энэ үүднээс Орхон-Онги, Хэрлэн-Тооно, Туул гол зэрэг бусад төслүүдтэйгээ уялдуулна гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 16 гишүүний 11 нь буюу 68.8 хувь нь зөвшилцөхийг дэмжлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.