УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдрийн /2025.01.08/ хуралдаанаараа Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цөмийн энергийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.1-д заасан гэрээг хөрөнгө оруулагчтай Засгийн газар байгуулахдаа Улсын Их Хурлын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Байнгын хороотой зөвшилцөнө” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг САС" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд олон талт олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тусгайлан зохицуулдаг боловч Цөмийн энергийн тухай хуульд заасан хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хуульчлаагүй байдаг байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг энэ хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Ёс зүй, дэгийн байнгын хороо хэлэлцэж, саналаа нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөж дуустал хугацаанд дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гэдгийг хэрхэн ойлгох талаар тодруулан асууж, хариулт авав. Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гарсангүй.
Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.