Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.01.08/ хуралдаан 13 цаг 30 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг шинээр томилох саналтай байгааг дурдлаа.
Мөн уг асуудлыг Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын гишүүд дэмжсэн гээд Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй Н.Оюундарь нь төрийн албанд олон жил ажилласан, дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай. Орос англи, герман, хятад хэлний мэдлэгтэй. Төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагч гэж үзэж байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Энхбаяр, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар тодруулав.
Нэр дэвшигч Н.Оюундарь хариултдаа, хоёр улсын эдийн засгийн харилцаа илүүтэй өргөжин тэлж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд эдийн засгийн эргэлт хоёр дахин нэмэгдэж, худалдааны эргэлт нь 100-гаад сая ам.долларт хүрч, цаашдаа ч өсөх магадлалтай байна гээд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, барилгын салбарын чиглэлд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бололцоо байгаа гэв.
Гишүүд улс төрийн болон төрийн албаны туршлагатай, Гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байсан дипломатч хүнийг Элчин сайдаар томилохоор нэр дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр улсын хооронд эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хүсэж байлаа.
Ингээд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг томилох саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 17 гишүүний 16 нь дэмжив.
Хуралдаан Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр талаас томилогдсон ажлын хэсэг хэлэлцээрийн төслийг эцэслэхээр тохиролцсон.
Хэлэлцээр байгуулах асуудлыг Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар зөвшилцсөний үндсэн дээр уг хэлэлцээрт “Гарын үсэг зурах эрх олгох тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо хэлэлцээрт гарын үсэг зурсан гэлээ.
Энэхүү хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 8.2-т заасан болон Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах Олон улсын гэрээнд хамаарна гэдгийг салбарын сайд онцлоод хуулийн төсөл нь нэг зүйлтэй гэв.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээнүүд болон бусад хууль тогтоомжтой нийцэх бөгөөд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх, батлагдсантай холбогдуулан шинээр боловсруулах болон нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль тогтоомж байхгүй. Хуулийн төсөл батлагдсанаар манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд аливаа сөрөг үр дагавар үзүүлэхгүй, улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүйг танилцуулгад дурдсан байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хоёр улсын хооронд батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ тэдгээр технологи, техник, тоног төхөөрөмжийг ашиглах боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр олон улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд явуулж буй үйл ажиллагааг иргэд болон хөрш орнууддаа зөвөөр ойлгуулахад анхаарч ажиллаж буй эсэх талаар лавлаж, үг хэлсэн.
Ингээд “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.