Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй Ахмадын үндэсний чуулганд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнд тусгагдсан гол асуудлуудын талаар танилцууллаа. Хуулийг Улсын Их Хурлаас 2024 оны зургадугаар сарын 05-нд баталж, энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж байгааг тэрбээр дурдаад, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд учирч буй эдийн засаг, сэтгэл зүйн дарамт, хүчирхийллээс сэргийлэх, нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих үйлчилгээний нэр төрөл, санхүүжилтийг нэмэгдүүлэх, ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт ахмадууд өөрсдийн хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллаж болох, мөн Ахмадын сантай холбоотой зохицуулалтуудыг дэлгэрэнгүй тайлбарласан юм. 50 ба түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгж нийт ажиллагсадынхаа хоёроос доошгүй хувьд ахмад настныг ажиллуулах, эрүүл мэнд, боловсролын салбарт ахмадууд өөрсдийн хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллаж болох, өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болох зохицуулалтуудыг хуульд тусгасан байна. Түүнчлэн, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах зэрэгт Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зориулан олгож байгаа нийт зардлын 10-аас доошгүй хувийг тэдний нийгмийн оролцоог дэмжих, хөгжлийг дэмжих үйлчилгээнд зарцуулахаар хуульд тусгаад байгаа юм. Үүний дагуу жилд 600.0 орчим сая төгрөг зарцуулж байсан бол хууль хэрэгжсэнээр зарцуулах хөрөнгө жилд 15-20 тэрбум төгрөгт хүрч нэмэгдсэнийг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан илтгэлдээ онцолж, ахмадын өргөө байгуулахаас гадна ахмадын төв, сэргээн засах төв, идэвхтэй насжилтыг дэмжих төв, дасгалын клуб, олон нийтийн төвийг ажиллуулах, барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засварын зардлыг санхүүжүүлэх зэрэг олон асуудал хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, өмнө нь таван жил тутам олгож байсан протез, ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгсэл худалдан авсан зардлын үнийн хөнгөлөлтийг гурван жил тутам олгох болсон, ганц бие ахмад настанд олгож байсан түлээ нүүрсний үнийн хөнгөлөлтийг нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай ахмад настнуудад олгохоор болгож, хүрээ хэмжээг нь тэлсэн зэрэг хуулийн өөрчлөлтүүдийг танилцуулж, Ахмадын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын эхний долоон хоногийн турш зохион байгуулж байхаар хуульчилсныг дурдав. Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ороогүй байхад настнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх сувиллын газрын тоо 20 хүрэхгүй байсан бол нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиар бүх сувиллын газар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх болсон бөгөөд Ахмадын сангийн зардлыг төсөвт байгууллагууд төсөвтөө, аж ахуйн нэгжүүд тус санг дүрэмдээ тусгаж ажиллуулахаар хуульчилсан байна.
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль үр дүнтэй хэрэгжүүлж, тэдний нийгмийн харилцаа, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох боломжийг нэмэгдүүлснээр сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг сайжрах, эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэх, ялгаварлан гадуурхалтыг бууруулж, илүү аюулгүй, нэр хүндтэй амьдрах нөхцөлийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэдний мэдлэг, туршлагыг үр дүнтэй ашиглан эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга илтгэлдээ чухалчилсан юм.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хуульд шинээр оруулсан зохицуулалтуудыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан илтгэлдээ мөнхүү чухалчилсан юм. Нийт ажиллагсадынхаа хоёроос доошгүй хувьд ахмад настныг ажиллуулах асуудалд байгууллага, аж ахуйн нэгжүүд онцгой ач холбогдол өгөхийг тэрбээр уриалж, ахмад настан өөрийн сонголтоор тэтгэвэрт гарах, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 20-оос дээших жил тутамд дундаж цалин хөлсний 1.5 хувиар нэмэгдүүлж байсныг 2.0 хувиар тооцдог болж байгаа, тэтгэвэр авагч нас барсан бол тэтгэврийнх нь 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг гэр бүлийн хүнийх нь тэтгэвэр дээр нэмж олгох, мөн тэтгэврийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх, ажил эрхэлж байгаа ахмад настан өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болох зэрэг хуульд шинээр орсон зохицуулалтуудыг танилцуулсан юм. Мөн тэрбээр илтгэлдээ, ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй байгааг дурдаж, зээлийг настнууд өөртөө биш ихэвчлэн сургалтын төлбөр, байр, автомашин худалдан авах зэрэгт зарцуулсан талаар Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн судалгаанаас эш татан дурдсан юм. Энэ төрлийн зээл нь ахмад настны амьжиргааг дэмжих бус тэдний эрх зөрчигдөх, өрийн дарамтад оруулах, улмаар ядууралд өртөхөд хүргэж байгааг сайд онцлоод, уг зээлийн хугацааг багасгах, өр, орлогын харьцааг зохистой хэмжээнд барих асуудлаар Монголбанканд хандаад байгаа гэлээ.
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулахын зэрэгцээ нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд хувийн нэмэлт тэтгэврийн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ярьсан юм. Энэхүү эрх зүйн орчин бүрдсэнээр тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэх, дараалсан таван жилийг нэмэгдүүлж тэтгэвэр тогтоох, насандаа эрт суух тохиолдолд тэтгэврийн хэмжээ буурч, хожуу гарах тохиолдолд нэмэгддэг байх, ердийн болон эрт тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх, ажил олгогчоос төлөх шимтгэлийн дээд хэмжээнд хязгаар тогтоож, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо хэрэгжих боломж бүрдүүлэх, нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа бүлгийг шимтгэл төлөгч болгох зэрэг эерэг өөрчлөлт гарах ажээ.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн цогц төвөөр дамжуулан ахмад настанд хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлэх, нийт ажлын байрны хоёроос доошгүй хувьд тэднийг ажиллуулах, мөн шинэ ур чадварт сургах, асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлэх, тэтгэврийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх талаар тодорхой зорилтууд туссаныг дэгэрэнгүй танилцуулсан юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэнд, эм хангамжийн талаар илтгэл тавилаа. Тэрбээр Улсын Их Хурлаас 2024 оны зургадугаар сарын 05-нд шинэчлэн баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд орсон гол өөрчлөлтүүдийг танилцуулсан юм. Уг хуульд, нийслэлд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч 10 эмийн сан тутамдаа эмийн хүртээмж муутай алслагдсан байршилд нэг эмийн сан байгуулах, аймгийн төвд ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч гурван эмийн сан тутамдаа нэгийг суманд байгуулж ажиллуулахаар заасан юм. Үүний үр дүнд эмийн хүртээмж тодорхой хэмжээнд нэмэгдэх хүлээлттэй байгааг дурдав.
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 2024 онд 651 нэр төрлийн эм байсан бөгөөд үүнд 37.0 тэрбум төгрөг зарцуулсан бол 2025 онд 825 нэр төрлийн эмийг жагсааж, 171.0 тэрбуи төгрөг зарцуулахаар төсөвлөснийг тэрбээр танилцуулж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” хөтөлбөрт иргэн бүрийг хоёр жил тутамд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамруулж хэвшүүлэхээр тусгасан бөгөөд 2025 оны төсөвт үүнд 38.0 тэрбум төгрөг тусгаад байгааг онцолсон юм.
Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ахмадын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар илтгэл тавив. Илтгэлийнхээ эхэнд тэрбээр Монголын ахмадын байгууллагын цахим сан, түүний бүртгэл, мэдээлэл болон удирдлага, зохион байгуулалтын талаар тодорхой танилцуулаад, хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд цаашид авч хэрэгжүүлэ арга хэмжээ болон ахмадын байгууллага хэрхэн оролцож ажиллах талаар голчлон ярьсан юм. Үүний хүрээнд бараа, бүтээгдэхүүний үнэд аудит хийж, мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнэд хязгаар тогтоох, амралт, рашаан сувилалд хамрагдах ахмад настны тоо, зардлыг нэмэгдүүлэх, Ахмадын сан байгуулах ажлыг эрчимжүүлэх, тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаарыг өсгөх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хэмжээг 10.0 сая төгрөг болгож нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чирэгдлийг багасгах зэрэг арга хэмжээг авч хэрэжүүлэх шаардлага байгааг тэрбээр дурдлаа. Мөн ахмадуудыг хямд, түрээсийн орон сууцтай болох нөхцөлөөр хангах, тэтгэврийн зээлийн хугацааг богиносгож, алсдаа энэ төрлийг зээлийг олгохгүй байх, төрөлжсөн асрамжийн газар байгуулах, асаргааны хувилбарт үйлчилгээний төрөлжилтийг нэмэгдүүлж, боловсон хүчнийг бэлтгэх, амралт, сувиллын газрын тоог нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллах нь зүйтэй гэв. Ахмадын байгууллага хуулийн хэрэгжилтийг хангахад чухал оролцоотойг тэрбээр онцолж, тус байгууллагын сонгуульт ажилтнуудыг ажиллах нөхцөл техник хэрэгслээр хангах, цахим сангийн хөгжүүлэлт, төрийн байгууллагуудын ХУР системтэй холбоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Үүний дараа “Сайн туршлага, идэвхтэй оролцоо: Ахмад үе ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт панел хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын даргын Тогтвортой хөгжил, цахим бодлогын зөвлөх Р.Алтангэрэл чиглүүлэн явуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал болон Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэгдсэн холбооны тэргүүн Г.Атармаа нар оролцсон юм. Тус хэлэлцүүлгээр ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний мэдлэг туршлага, ур чадварыг өвлүүлэн уламжлуулах, залуу үеийг сурган, дадлагажуулах болон энэ талаарх төрийн бодлого, үйл ажиллагааг холбон зуучлах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, чуулганд оролцогчдын санал бодлыг сонслоо. Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хэрэгжих боломжтой бөгөөд бодитой үр дүн гарч, нийгмийн амьдралд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтойг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон дурдсан бөгөөд энэхүү бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд ахмадын байгууллагууд, ахмад настнуудын өөрсдийн идэвх чармайлт, оролцоо чухал болохыг чухалчилж байв.
Үндэсний чуулган үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.