Цэс

Холбоо барих

ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталж, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.07/ хуралдаан 10 цаг 28 минутад гишүүдийн ирц 52 хувьд хүрснээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. 


Тус Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ хэлэлцээд дөрвөн нэр дэвшигч тус бүрээр санал хураасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Иймд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дахин хэлэлцэн баталж, нэр дэвших тухай хүсэлт хүлээн авах хугацааг 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг хүртэл Төсвийн байнгын хорооны 213 тоот өрөөнд хүлээж авсан.  Энэ хугацаанд нийт зургаан хүн нэрээ дэвшүүлснээс Г.Алтансүх, Б.Ганбаяр нарын материал журмын дагуу бүрдэл дутуу мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул санал хураалтад оролцох боломжгүй гэж үзсэнийг Байнгын хорооны дарга тодотгоод үлдсэн дөрвөн нэр дэвшигчийг танилцуулав.

Нэр дэвшигч Б.Ариунболд нь 1989 онд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй. 2012 онд “Нэйшнл инженеринг групп” ХХК, “УБ транс” ХХК-д хүний нөөцийн ажилтан, үйл ажиллагаа хариуцсан менежер, 2013-2014 онд “Фаст рооф” ХХК-д гүйцэтгэх захирал, 2017-2020 онд Хас банканд хувийн банкир, мэргэжилтэн, шинжээч, 2021 онд Хөгжлийн банканд төслийн санхүүжилтийн судалгааны захирал, 2020-2024 онд “Эй кей энд икс финанс” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байна гэв.


Нэр дэвшигч Ц.Бархас нь 1989 онд төрсөн, 36 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн олон улсын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 “Ард секюритиз” ҮЦК-д гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байна гэлээ.

Нэр дэвшигч Л.Батзориг нь 1988 онд төрсөн, 37 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийн эдийн засгийн бакалавр, Шихихутуг их сургуулийн эрх зүйн бакалаврсанхүүгийн менежмент, эрх зүйч мэргэжилтэй. 2009-2019 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч, салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2022 онд “Мод хөтөлбөр” ХХК-д гүйцэтгэх захирал, 2011 оноос “Ар анд түнш” ХХК-д захирлаар ажиллаж байна гэв.

Нэр дэвшигч Б.Зундуй нь 1990 онд төрсөн, 35 настай. Санхүүч мэргэжилтэй. 2012 онд Хас банканд харилцааны менежер, 2012-2016 онд Барилгын хөгжлийн төвд мэргэжилтэн, 2016-2017 онд “Эм Жи Эл интернэйншл” ХХК-д гүйцэтгэх захирал, 2021-2022 онд Оюу толгой төсөл, СААДИ группт гэрээ, санхүүгийн менежер, 2022-2023 онд “БИД” санхүүгийн группт газрын захирал, 2024 онд “Есөн шижир инвест” ББСБ-д Стратеги хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байгаа аж.


Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн дээрх дөрвөн нэр дэвшигч тус бүрээр санал хураалаа. Нэр дэвшигч Ц.Бархас хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь буюу олонхын саналыг авсан тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу тус хорооны орон тооны бус нэг гишүүнд Төсвийн байнгын хорооноос Ц.Бархасыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.

Дараа нь Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.

Төсвийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай 07 тоот тогтоолыг баталсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131.1-д Байнгын хороо нэр дэвшигчийг сонгох ажиллагааг явуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд нэр дэвшигчээс асуух асуулт саналыг цахимаар эс үгүй бол шуудангаар хүлээн авна гэж заасны дагуу дээрх тогтоолд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсныг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд танилцууллаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь  дэмжлээ.

Хуралдаан Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны  дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. 


Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-ын б заалт, төслийн 11.1.2-ын в заалт хооронд зөрчил үүсэх эсэхийг тодруулахад Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн эдгээр заалтын хооронд хуулийн зөрчил үүсэхгүй хэмээн хариулсан. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл