С.Бямбацогтыг Байнгын хорооны даргаар сонгохыг санал нэгтэй дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны өнөөдрийн (2019.06.11) хуралдаанаар эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлж буй талаар намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцуулсан юм.
Байнгын хорооны даргад нэр дэвшигч Сандагийн Бямбацогт нь 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсчээ.
Тэрбээр 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд "Нью Прогресс" ХХК-ийн захирал, 2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд "Нью Прогресс" группын ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Улмаар 2008-2012, 2012-2016 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2013-2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр 2016 оны сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож ажилласан.
Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Байнгын хорооны хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.
Манай улсын хувьд өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, тавигдах шаардлага өөрчлөгдөж байна.
Улсын Их Хурлаас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан боловч уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэгдсэн. Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 1, орон нутагт 50 байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа болон хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан хэрэгцээ, шаардлагыг харгалзан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.
Хуулийн төсөл нь 8 бүлэг, 33 зүйлтэй бөгөөд төсөлд хуулийн зорилт, өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томъёоны тодорхойлолт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд баримтлах зарчим, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрлийг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах үндэслэл, хураамж, тусгай зөвшөөрлийн хугацаа, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон дуусгавар болох үндэслэл, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглох зохицуулалтыг тусгасан гэдгийг илтгэгч дурдав.
Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч болон радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага, өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлагууд, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд хориглох зүйлийг нарийвчлан зааж өгсөн байна. Тухайлбал, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл агуулсан мэдээ, хөтөлбөртэй байх; зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, бусдын бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нэвтрүүлж, дамжуулах; гамшгийн аюул болон гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй, шуурхай нэвтрүүлэх; хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулгатай нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киног дамжуулахдаа нэвтрүүлэх цагийн зохицуулалт хийх, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоох; нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан байх; хөтөлбөр дэх нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа тодорхой байх; дамжуулж байгаа гадаад улсын нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байх зэрэг шаардлагыг хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлд төрийн байгууллага, албан хаагч, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх ажилтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч мэдээ, нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг хориглохоор зохицуулсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндэс тодорхой болж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөл бүрдэнэ; өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журам хуульчлагдаж, хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавих шаардлага тодорхой болж, радио, телевизийн зар сурталчилгаа, тэр дундаа нийгэмд тустай зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болно; сэтгүүлч болон редакцийн зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна. Өргөн нэвтрүүлгийн зах зээл дээр хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам тодорхой болж, өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах боломж нэмэгдэж, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, удирдлагын багтай холбогдох мэдээлэл олон нийтэд ил тод болно гэж үзэж буйгаа төсөл санаачлагч онцоллоо.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, О.Содбилэг нар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, О.Баасанхүү, Я.Содбаатар, Д.Лүндээжанцан нар үг хэлж хуулийг төслийг дэмжиж байгаа, гэхдээ хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж тал талын төлөөллийг оролцуулан нухацтай хэлэлцэх шаардлагатай, мөн монгол контентыг дэмжих, хэрэглэгчдэд дарамт учруулахгүйгээр асуудлыг зохицуулж шийдэхэд анхаарах, тэрчлэн хуулийн төслийн нэр томьёо, бичиглэл, гадаад үг хэллэгийг эргэж харах шаардлагатайг хэлж байв. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов
Дараа нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийлээ. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, намын бүлгийн дэд дарга Я.Содбаатар танилцуулсан юм.
“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын дагуу Засгийн газар 2016 оны 121 дүгээр тогтоолоороо “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай төлөвлөгөө” баталж, үндсэн 5 бодлогын хүрээнд нийт 383 зорилтын 1283 арга хэмжээ, аймаг орон нутагт хэрэгжүүлэх 166 арга хэмжээ, нийтдээ 1443 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийт зорилтын хэрэгжилтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар бодлогын чиглэл тус бүрээр авч үзэхэд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.7, Нийгмйин бодлого 49.0, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48.0, Засаглалын бодлого 54.6 хувьтай дүгнэгдэж иржээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 383 заалтаас зуун хувийн хэрэгжилттэй 16, далан хувийн хэрэгжилттэй 92, дөчин хувийн хэрэгжилттэй 256, огт хэрэгжээгүй 19 заалт байгаа бөгөөд хөтөлбөрт тусгасан нийт зорилтуудын гүйцэтгэл 2018 оны эцсийн байдлаар дунджаар 50.5 хувь буюу өмнөх онтой харьцуулахад 4.38 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2018 оны эцсийн байдлаар 50.5 хувьтай байна гэж дүгнэсэн нь өмнөх онд хэрэгжилтийн хувь 44.6 байсантай харьцуулахад дөнгөж 5.9 пунктаар нэмэгдсэнийг хангалттай биш гэж үзсэн байна.
Иймээс бүрэн эрхийн үлдсэн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үндсэн 7 чиглэлээр нэн тэргүүнд анхаарах төсөл арга хэмжээний санал гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээр тогтжээ. Тухайлахад, юун түрүүнд үнэ ханшийн өсөлтийг хязгаарлаж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс иргэд, аж ахуйн нэгжийг хамгаалахад анхаарах, энэ чиглэлээр хөтөлбөрт туссан “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна”, “Үйлдвэрлэлд ашиглагддаг уур, ус, дулаан, цахилгааны тарифыг тогтвортой байлгаж, аажмаар бууруулах бодлого баримтална”, мөн “…малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаална” гэсэн заалтын хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах шаардлагатай гэж үзжээ. Мөн дэд бүтэц, бүтээн байгуулалт, орон сууц, ипотекийн чиглэлээр хөрөнгө оруулалт, дэд бүтцийн чиглэлд хувийн хэвшлийн оролцоог дэмжиж ажиллах, Монгол Улс эрчим хүчээ экспортод гаргах боломжийг нээх томоохон төслүүдийг яаралтай эхлүүлэх, Улаанбаатар хотоос гадна орон нутагт орон сууцны хүрэлцээ хангамж, ипотекийн зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, малчдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, нийгмийн асуудлыг шийдэх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлгийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах заалтын хэрэгжилтийг хангах, Монголын ипотекийн корпорацийн үйл ажиллагааны зардлыг бууруулах, түүнчлэн ипотекийн зээлийн хүүг 8 хувиас бууруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэж үзсэн байна.
Сайдын танилцуулга, намын бүлгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн. Мөн Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангах үүднээс Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөх чиглэлийн талаар гишүүдэд танилцуулсан юм.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засагт бий болсон үр дүнг авч үзэхэд багагүй амжилтад хүрсэн боловч цаашид анхаарч ажиллах асуудал цөөнгүй байна. Юуны өмнө Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого хэрэгжүүлж Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсныг онцолж байна. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2017 онд 5.3 хувь, 2018 онд 6.9 хувь болж өссөн. Энэ оны эхний улирлын байдлаар ДНБ-ий өсөлт 8.6 хувьд хүрээд байна.
Мөн гадаад валютын албан нөөц 2016 оны 7 сард 1.2 тэрбум ам.доллар байсан бол 2017 онд 3.0 тэрбум, 2018 онд 3.5 тэрбум болон нэмэгдэж, энэ оны 4 сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрсэн. Төсвийн сахилга батыг сайжруулснаар сүүлийн арван жилд анх удаа 2018 онд Монгол Улсын нэгдсэн төсөв ашигтай гарсан. Энэ оны эхний 4 сарын байдлаар төсвийн тэнцэл 286.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Экспортын хэмжээ 2016 онд 4.9 тэрбум ам.доллар байсан бол, 2017 онд 6.2 тэрбум, 2018 онд 7.0 тэрбум ам.доллар болж нэмэгдээд байна. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 3 орчим тэрбум ам.долларын ашигтай гарсан. Түүнчлэн нийгмийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилтууд амжилттай хэрэгжиж, үр дүнд хүрч буйг тэрбээр дурдлаа.
“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн хүрээнд Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2017 оны хэрэгжилт, Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан санал, дүгнэлтийг харьцуулан судалж, Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн.
Хуралдааны тэмдэглэлээр 48 арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарч 2018 онд 70-80 хувьд хүргэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Байнгын хорооноос өгсөн чиглэлийн хүрээнд 48 арга хэмжээний 2018 оны хэрэгжилтийг авч үзвэл, 100 хувьтай буюу бүрэн хэрэгжсэн 3 арга хэмжээ; 70 хувьтай буюу тодорхой үр дүнд хүрсэн 8 арга хэмжээ; 40 хувьтай буюу эрчимжүүлэх шаардлагатай 33 арга хэмжээ; 0 хувьтай буюу үр дүнгүй 4 арга хэмжээ байна. Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр өгсөн чиглэлийн гүйцэтгэл дунджаар 45.5 хувьтай байгааг Байнгын хорооны дарга гишүүдэд танилцуулсан юм.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэжилтийг цаашид эрчимжүүлэх талаар Үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлаж, тогтвортой байлгах; Дэд бүтэц, бүтээн байгуулалт, орон сууц, ипотекийн; Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх; Орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, ногоон хөгжлийн; Нийгэм, шинжлэх ухаан, боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн; Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хүнд суртлыг бууруулах, авлига, хээл хахуультай тэмцэх; Нийслэлийн хөгжлийг дэмжих гэсэн үндсэн 7 чиглэлээр Засгийн газарт тодорхой чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа танилцуулсан. Ингээд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган хуралдааны тэмдэглэлийг эцэслэн боловсруулж Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.