Цэс

Холбоо барих

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хүлээн авсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг


             
             Эрхэм гишүүд ээ,

Нийт ард иргэд ээ,

 

Улсын Их Хурлын 64 гишүүн гарын үсэг зурсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Зуны дунд цагаан морин сарын шинийн 3-ны балжиннямтай билигт сайн энэ өдөр өргөн барилаа.

Энэхүү өөрчлөлтөд Улсын Их Хурал "долоо хэмжиж, нэг огтлох" зарчмаар хандсан. Судалгаа хийж, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан, улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, давхардсан тоогоор 5.4 сая санал иргэдээс хүлээж авсан.  Эрдэм шинжилгээний хэд хэдэн хурал хийж, Үндсэн хууль судлаач, эрдэмтэд, Үндсэн хууль тогтоогчдын санал, дүгнэлтийг авсан. УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан. УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад илгээж, саналыг нь авсан.

            Энэ ажил хоёр гаруй жил үргэлжилсэн, нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Үүрэг хариуцлагыг эрхэм болгож, хичээн зүтгэсэн Монгол Улсын гавьяат хуульч, Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийнхэн болон оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье.

Энэ төслийг хэлэлцэх, батлах ажилд зөвхөн улс орноо, иргэн түмнээ гэсэн хоёргүй сэтгэлээр, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, үндэсний зөвшилцлийг эрхэм болгон, улс төрийн нам, хэсэг бүлэг, салбарын эрх ашгаас ангид байж, гагцхүү Монгол Улс, ард түмний  эрх ашиг, хөгжлийн ирээдүйг эрхэм болгож хандахыг эрхэм гишүүдээсээ хүсье.

Монголын ард түмэн, нам улс төрийн хүчин, иргэний нийгмийн төлөөлөл, Үндсэн хууль судлаачид, эрдэмтэн мэргэдийнхээ санал, дүгнэлт, үг зөвлөмжийг сайтар сонсч,  нухацтай судлан, тусгаж ажиллах ёстой гэж үзэж байна. 

Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Хорь гаруй жил яригдаж ирсэн бөгөөд өөрчлөхийн тулд өөрчлөх санаа бодол ч агуулаагүй. Сүүлийн 20 гаруй жил иргэд  олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр, нийгмийн зүтгэлтнүүдээс Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг боловсронгуй болгох, өөрчлөх талаар удаа дараа санал гаргасаар ирсэн. Улсын Их Хуралд дөрвөн ч удаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан. Эдгээрийг үндэслэн Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой, эсэх асуудлаар судалгаа хийсэн. Судалгааны дүн,  ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.  

1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг бичиг болсон гэж үздэг. Энэ хуулийн ач холбогдол, үнэ цэнэ маргах аргагүй өргөн цар хүрээтэй. Өнгөрсөн 27 жилд шинэ Үндсэн хууль маань үүргээ сайн гүйцэтгэснийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна. Нийгмийн баялгийн тэгш хуваарилалт, байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх зарчмыг тусгаж байна. Засаглалын тэнцвэртэй байдлыг хангаж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Энэ бүхэн ард түмэн, нийгмийн шаардлага юм. 

            Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, эвсэл холбоод, нийт ард түмэн маань хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож, санал бодлоо илэрхийлж, эвлэрэл зөвшилцлийг эрхэм болгож, улс орны хөгжил, зайлшгүй шаардлагыг хангаж ажиллахыг уриалъя.

УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах эрхэм хүндтэй, өндөр хариуцлагатай, Монгол Улсын ирээдүйн хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэх нэн чухал үйлсэд тань амжилт хүсье.

(товчлон нийтлэв) 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл