Цэс

Холбоо барих

Д.Лүндээжанцан: 3.2 сая иргэн, улс эх орны нийтлэг эрх ашиг, ирээдүй хойчийн төлөө Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсрууллаа

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдөр (2019.06.06) Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт , Я.Содбаатар, Б.Саранчимэг, Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар төслийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг хийлээ. 

    Улсын Их Хурлын 60 гаруй гишүүн энэхүү төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хэвлэлийн бага хурлын эхэнд тэмдэглэсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе, үеийн парламентууд ярьж, тодорхой төслүүдийг боловсруулж, иргэд, олон нийтээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон тооны саналууд ирүүлж байсан бөгөөд энэ бүгдэд дүн шинжилгээ хийж, нухацтай судлан Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэж буй эсэх, санал бүр хуулийн бусад зохицуулалттай хэрхэн уялдаж буйг сүүлийн хоёр жил нягт судалсны үндсэн дээр төслийг боловсруулсан байна. 


    Төслийг өргөн мэдүүлэх үеэр Улсын Их Хурлын даргын онцлон тэмдэглэсэнчлэн энэхүү төслөөр нийгмийн аль нэг бүлэг, давхарга, ямар нэг улс төрийн нам, хүчний эрх ашиг, сонирхолыг онцлон оруулахгүй, зөвхөн Монгол Улсын 3.2 сая иргэний ашиг сонирхол, улс эх орны нийтлэг эрх ашиг, ирээдүй хойчийн төлөө эдгээр нэмэлт, өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд тусгахаар төслийг боловсруулсан гэдгээ Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хэлж байв. 

    Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү 7 нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон нийтийн шүүмжлэлийн дагуу хууль батлах босгыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, ард түмний санал бодол Үндсэн хуульд тусгагдаж буйн нэг илрэл гэдгийг тэрбээр хэлсэн юм. 

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор иргэдээс олон тооны санал ирсэн гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр гишүүд дурдав. Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр баталж, энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай хоёр шатны Зөвлөлдөх санал, асуулгыг зохион байгуулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар дурдав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор иргэдээс 300 мянга гаруй санал ирсэн байна. Түүнчлэн олон удаагийн эрдэм шинжилгээний хурал, иргэд олон нийтийн дундах хэлэлцүүлгийн шатны дүнд нийт хууль тогтоогчид, судлаачид, эрдэмтэд, иргэдийн олонхын буюу 70 хувийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгасан гэв.   

   Улсын Их Хурлын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллах буюу “давхар дээл”-ийг тайлах асуудлыг зөв хэлбэрээр тусгахад төсөл санаачлагчид ихээхэн анхаарч ажилласан гэв. Монгол Улс парламентын засаглалтай улс бөгөөд бусад оронд 100 хувь байдаг аж. Харин Монгол Улсын засаглалын онцлогийг тооцож үзээд Ерөнхий сайд болоод 4 хүртэл тооны Улсын Их Хурлын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллах зохицуулалтыг оруулжээ. Тодруулбал, Улсын Их Хурлын 76 гишүүний 5 нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хамт хэрэгжүүлэхэд институт хоорондын эрх мэдлийн хуваарилалт, хяналт сулрах үндэслэл болохгүй хэмээн үзсэн байна. 

    Байгалийн баялгийн хуваарилалттай холбоотой олон саналыг иргэдээс ирүүлдэг тул төсөлд “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэж тусгасан. Ийнхүү Үндсэн хуульд тусгаснаар байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй байлгах үндсэн зарчмыг бүрдүүлж байгаа ач холбогдолтой гэлээ. 

    Улсын төсвийг батлах асуудлаар Улсын Их Хурлын оролцоог тодорхой хэмжээгээр хязгаарлан, хэлэлцүүлгийн явцад Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зардал нэмэгдүүлэхгүй байх нэн тодорхой зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа аж. Түүнчлэн төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоог хуулиар зохицуулахаар оруулсан байна. Улсын төсвийг Засгийн газар өргөн мэдүүлдэг, түүнийг нь хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүд ихээхэн өөрчилж, шинэ төрлийн зардлууд нэмсээр орлогоосоо давсан зарлагатайгаар баталдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүдийн төрөл бүрийн зардал нэмсээр баталсан төсвийг хэрэгжүүлэх төсөв байхгүйгээс хэрэгжилт хангагддаггүй. Тиймээс Засгийн газрын өргөн мэдүүлсэнчлэн орлого, зарлага нь нийцсэн эрүүл төсөв батлах бололцоо хангагдаж, төсвийн алдагдалгүй байх нөхцөл бүрдэх юм байна. Сонгуулиар байгуулагддаг Улсын Их Хурал, Засгийн газар, эрх баригч хүчин төрийн санхүү буюу иргэд, татвар төлөгчдийн мөнгийг, төсвийн хяналтыг хараандаа байлгах ёсгүй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна. Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог байгуулах, түүний бүрэн эрх, ажиллах журмыг тогтоосон нэмэлтийг оруулжээ. Ингэснээр цөөнх хяналтын түр хороог санаачлан байгуулах боломж нээгдэх болно.Мөн Улсын Их Хурлын хуулийн хэрэгжилтийг хянан шалгах эрхийг хангах үүднээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах, эрх, үүргийг нь нарийн зохицуулахаар төсөлд тусгасан байна. 

    Мөн улс орны хөгжлийг хөтлөх Засгийн газар нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой, тэр нь залгамж чанартай, тогтвортой ажиллаж гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх бүх шатанд хариуцлага сайжруулах асуудлыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан талаараа Д.Лүндээжанцан гишүүн дэлгэрэнгүй мэдээлэв. Тухайлбал, Ерөнхий сайдын бие даасан, тогтвортой байдлыг нь хангахаар танхимаа бүрдүүлж, хариуцлага тооцож, чөлөөлөж, огцруулах эрхтэй байхаар өөрчлөх нь зүйтэй хэмээн үзжээ. Ерөнхий сайдыг Улсын Их Хурлаас томилох бөгөөд Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн танхимаа бүрдүүлж, Улсын Их Хуралд танилцуудаг байх зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг С.Бямбацогт гишүүн тайлбарлав. Энэ мэт тодорхой асуудлууд дээр Улсын Их Хурлын эрх мэдлийг хумиж, Монгол Улсын хөгжүүлэх эрх, бололцоог Ерөнхий сайд нарт олгох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ерөнхий сайдыг дурын үндэслэлээр огцруулдаг байдлыг халж, хэрэв Ерөнхий сайдыг огцруулах санал оруулах бол хамтад нь шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг өргөн мэдүүлэдг байх, Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг байх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн олон жилийн турш огт ашиглаж байгаагүй Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх асуудлыг механизмын хувьд хэрэгжүүлэх зохицуулалтыг төсөлд багтаажээ. Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх Улсын Их Хурлын тогтоолын төслийг оруулвал Улсын Их Хурал нийт гишүүдийнхээ олонхын саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын 39 гишүүн дэмжлэг хүлээлгэхгүй хэмээн шийдвэрлэсэн тохиолдолд Ерөнхий сайд огцрох, дэмжлэг хүлээлгэвэл Ерөнхий сайдын оруулж ирсэн бодлогын тодорхой асуудал, улсын төсөв батлагдаж байхаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна. Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй хэмээн шийдвэрлэж огцруулсан тохиолдолд 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилно, эс бол Улсын Их Хурал тарах хяналт тэнцвэрийн механизмыг төсөлд тусгасан байна. Одоогийн хуулийн зохицуулалтаар Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлэх боломжтой байдаг. Үүнээс үүдэн 7 удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулахад 14-15 Засгийн газар байгуулагдаж байсан, 1 парламентын хугацаанд 4 Засгийн газар байгуулагдаж байсан тохиолдол ч бий, Засгийн газрын үйл ажиллагаа явуулж ирсэн дундаж хугацаа 1.5 жил байгаа зэрэг асуудлыг бүрэн зогсоож, тогтвортой засаглалыг бэхжүүлэхэд онцгой анхаарсан болохыг С.Бямбацогт гишүүн хэллээ. 


    Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг  ард түмэн сонгох зохицуулалт хэвээр үлдэх бөгөөд нэр дэвшигч нь 55 нас хүрсэн байх,  сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын иргэн байх ёстой бөгөөд Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн 1 удаа сонгодог байх аж. Ерөнхийлөгчийн эрх хэмжээг өөрчлөхтэй холбоотой агуулга бүхий ямар нэг заалт төсөлд байхгүй, Үндсэн хууль тусгагдсан Ерөнхийлөгчийн эрх хэмжээний талаарх зохицуулалтууд хэвээрээ хадгалагдаж байгаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт дэлгэрэнгүй тайлбарлав. Энэ нь олон жилийн турш иргэд, ард түмнээс ирүүлсэн саналуудад тулгуурлан  боловсруулсан заалт гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан онцолж байв. Мөн тэрбээр “Онцолж хэлэхэд, Ерөнхийлөгчийн талаарх зохицуулалтууд нь 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хэрэгжих хугацаатай” гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Монгол Улсын Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн талаар онцлон мэдээлэл өгсөн юм. Энэ төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарим заалтын хэрэгжих хугацааг нэн тодорхой заасан байгаа юм байна.  

    Шүүхэд итгэх иргэдийн итгэл буурсантай холбогдуулан, шударга ёсны баталгаа болсон шүүх эрх мэдлийг хараат бус байлгах нөхцөлийг хангахаар Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн асуудлаа хариуцдаг, шүүгчдэд хариуцлага хүлээлгэдэг Шүүгчдийн хариуцлагын зөвлөлийг байгуулж ажиллуулахаар, энэ нь олон нийтийн төлөөлөөс бүрддэг байхаар төсөлд тусгажээ. Жишээ нь, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний 5-ыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод томилгооны сонсголд оруулаад, нийт гишүүдийн 2/3 саналаар зөвхөн 1 удаа 4 жилийн хугацаагаар томилдог байхаар тусгасан гэв.  Шүүгчдэд тавих шаардлагыг өндөржүүлж, насны босгыг нэмэгдүүлж, Дээд шүүхийн шүүгчээр ажиллах хугацаатай болох зохицуулалтын талаар мөн дэлгэрэнгүй тайлбарласан. Ерөнхий шүүгчдийг томилдог байсныг өөрчилж, сонгох тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг өндөржүүлж, улс төрчид орж ажиллах асуудлыг зогсоохоор холбогдох зохицуулалтуудыг тусгажээ. Үүнтэй холбоотойгоор, иргэдээс ирүүлсэн олон тооны саналд дүн шинжилгээ хийж, холбогдох судалгаа хийснээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг 1 удаа 9 жилийн хугацаатайгаар томилох заалтыг төсөлд тусгасан байна. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд улс төрөөс ангид, иргэдийн хяналт, оролцоо бүхий шүүх засаглал төлөвших бүрэн боломж бий гэдгийг Ж.Мөнхбат гишүүн хэлж байв. 

    Орон нутгийн иргэдийн онцгойлон анхаарч, олон тооны санал, хүсэлт ирүүлдэг улсын болон орон нутгийн харъяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтоох зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нэн тодорхой заахаар төсөлд тусгаад байгаа гэв. Ингэснээр Дархан-Уул, Орхон аймгийг улсын харъяалалтай хот болгох, аймгийн төвүүд, томоохон төв суурин газруудыг орон нутгийн харъяалалтай хот болгох зохицуулалтыг хуулиар өөрчлөх эрх зүйн боломж нээгдэх аж. Нутгийн өөрөө удирдах ёсыг төгөлдөршүүлж, зарчмыг нь тодорхойлж хотын захирагчаа оршин суугчид нь сонгодог болж, ингэснээрээ суурин соёл иргэншлийг хөгжүүлэх бололцоо бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Мөн сум, дүүргийн Засаг даргыг 4 жилийн хугацаагаар тухайн сум, дүүргийн иргэд сонгоно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын зарчмыг үүнтэй уялдуулан харьцангуй уян хатан зохицуулах боломж нээгдэх юм. Нутгийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байхаар төсөлд тусгажээ. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгож байх зохицуулалтыг Үндсэн хуульдаа тусгах, ингэснээр нутгийн өөрөө удирдах ёсыг төгөлдөршүүлж, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзсэн байна. Энэ зохицуулалт хэрэгжсэнээр аймаг, нийслэлийн гэх давхардсан сонгуулиудыг зохион байгуулах шаардлагагүй болох аж. Баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилж байх аж. Харин баг, хорооны нийтийн хурлын талаарх өнөөгийн зохицуулалт хэвээр үргэлжилнэ гэлээ. Энэ мэтчлэн иргэдийн олон жилийн турш санал тавьж, хүсэлт ирүүлж байсан тодорхой асуудлуудыг олон талаас нь судалж, төсөлд тусгаад байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр Улсын Их Хурлын гишүүд тэмдэглэн хэлсэн. 

    Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын талаар Үндсэн хуульдаа тодорхой тусгаж өгөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн төрийн албыг тогтвортой байлгах, төрийн жинхэнэ албан хаагчдыг хариуцлагатайгаар мэргэшин ажиллах, шат дараалан дэвшин ажиллах зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдыг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүн болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглосон заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна. Төрийн албанд чадахуйн зарчмыг хэрэгжүүлэх ач холбогдолтой чухал зохицуулалтууд төсөлд тусгагдаад байгаа аж. 

    Улсын Их Хурлын сонгуультай холбоотой асуудлаар төсөлд тусгагдсан зохицуулалтуудын Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуульдаа хуульчилсан жишиг олон улсын жишигт байдаггүй гэдгийн дурдлаа. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой зааж өгөх саналууд гарсан хэдий ч яг ийм агуулга бүхий заалтыг төсөлд тусгаагүй. Харин Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахаас 1 жилийн өмнө Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Үндсэн хуулиараа хориглохоор заасан байна. Ингэснээр сонгуулийн тухай хуулийг 4 жил тутам өөрчилдөг байдлыг халж, сонгуулийн тогтолцоо, эрх зүйн орчин тогтвортой байх нөхцөл бүрдэх холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна. 

    Энэ бүхний үр дүнд Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага байж, хууль тогтоох үүргээ сайн биелүүлдэг, ард түмний төлөөллийн үүргээ бүрэн хангадаг, тогтвортой үйл ажиллагаатай байх нөхцөл бүрдэнэ. Харин Засгийн газар нь бодлоготой, бодлогын залгамж чанараа хадгалдаг, улс орноо хөгжилд хүргэхээр бодлогоо хэрэгжүүлэх эрх мэдлийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хариуцлагааы үүрдэг байх боломж бүрдэх ач холбогдолтой. Түүнчлэн ард түмэн хамгийн ихээр шүүмжилж, өөрчлөлтийг нь хамгийн ихээр хүсэн хүлээж буй шударга, хараат бус шүүх тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэх нөхцөлийг энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөрөө бүрдүүлэхийг төсөл санаачлагчид зорьсон гэлээ. 

    Мэдээллийнхээ төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан “Улс орнууд хөгжлөөрөө уралдаж, хол тасарч байхад бид хэдий болтол дороо хий эргэж, гацсаар байх вэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталж, хэрэгжүүлснээр төрийн аливаа үйл ажиллагаанд тулгараад буй гацаанууд арилж, Монгол Улс урагшаа хөгжиж, иргэдийн аж амьдрал дээшлэн, эрх мэдлийн зөв тэнцвэр, хуваарилалтын үр дүнд хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдах нөхцөл бүрдэнэ гэдэг үзэл баримтлалтайгаар бид төслийг боловсруулсан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагын талаар олон жилийн турш, хэд хэдэн парламент дамжин яригдаж байв. Маш олон санал гарсан, сүүлийн хоёр жилд олон тооны судалгаанууд хийж, ард түмний санаа бодлыг байнга сонсож, нэгтгэж  байсны дүнд төслүүдийг боловсруулан ийнхүү зуны дунд сарын шиний 3-ны өдөр өргөн мэдүүлээд байгааг Та бүхэнд дуулгаж байна” гэлээ. 

    Монгол Улс түүхэндээ 4 Үндсэн хуулийг баталсан ба энэ удаа 4 дэх Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцаж байгааг Ж.Мөнхбат гишүүн онцолсон. Өмнө түүхээс харахад 20-40 жилийн хугацаанд Үндсэ хуулиа өөрчилж байсан. Үндсэн хуулийн эрх зүй судалдаг олон улсын болон дотоодын эрдэмтэн, судлаачдын хэлж буйгаар аливаа улс орны Үндсэн хууль бол 15-19 жилийн давтамжтайгаар шинээр эсвэл нэмэлт, өөрчлөлтийн хэмжээнд яригддаг. Харин Монгол Улсын хувьд 1992 онд батлагдсан Үндсэн хуульдаа 27 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удаан хугацаанд хэлэлцэж, нийт иргэдийн ирүүлсэн олон удаагийн санал, хүсэлтэд үндэслэн хийх нь зүйтэй хэмээн үзэж төсөл санаачилсан талаар тэрбээр хэлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар "Үндсэн хуулийн үг бүр задарч органик хууль болдог, үг бүрийн цаана үзэл санаа, үзэл баримтлал байдаг ач холбогдлыг нь тооцож, ажлын хэсэг үг нэг бүрийг хэлэлцэж төслийг боловсруулсан" гэдгийг хэлэв. 

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ийнхүү танилцуулсны дараа хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл өгсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл