Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанжан, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Бямбацогт болон Ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар Үндсэн хуулийн цэцэд өргөн барилаа. Төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Цэцийн гишүүн Н.Чинбат нар хүлээн авав.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргана. Мөн Үндсэн хуулийн цэц УИХ-д саналаа өгнө гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу төсөл, төслийн үзэл баримтлал, танилцуулгыг ийнхүү өргөн барьсан юм.
Үндсэн хуулийн цэц төслийг нягталж үзээд саналаа УИХ-д ирүүлэх учиртай хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.