Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монгол дахь Америкийн худалдааны танхимын болон “Wicks” группийн удирдлагыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнөөдөр /2019.06.07/ Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Жэймс Лиотта, “Wicks” группийн Олон улсын үйлчилгээ хариуцсан дэд ерөнхийлөгч Ронсверт Алмонд болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Жэймс Лиотта, Монгол дахь Америкийн худалдааны танхим хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг таатай болгох зорилготой ажилладагийг дурдаад, энэ долоо хоногт Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ компанийн үйл ажиллагаатай танилцаж, АНУ руу шууд нислэг хийх боломжийн талаар ярилцсанаа дуулгалаа.

“Wicks” группийн Олон улсын үйлчилгээ хариуцсан дэд ерөнхийлөгч Ронсверт Алмонд, “Wicks” групп АНУ руу шууд нислэг үйлдэх асуудлаар хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хэмээн танилцуулаад, энэ хэдэн хоногт Монголд ажиллахдаа иргэний нисэхийн салбарыг илүү либеральчлах шаардлага байгааг олж харсан хэмээлээ.


Тэрбээр, АНУ-ын Засгийн газрын зүгээс тус улс руу шууд нислэг үйлдэхэд аюулгүй ажиллагааны шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд тус групп нь улс орнуудыг АНУ руу шууд нислэг үйлдэх зөвшөөрлийг авах бэлтгэлийг хангахад туслан ажилладаг хэмээн тодотгосон. Өнгөрсөн онд л гэхэд Азарбейжан, Панам, Энэтхэг улсууд тус группийн тусламжтай АНУ руу шууд нислэг үйлдэх эрхээ авсныг нэмж хэлсэн.


Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монголд олон жуулчин ирэх, монгол иргэд гадагш хямд зорчдог болгохыг гол зорилгоо болгон ажиллаж буйгаа уулзалтын үеэр онцолсон. Тэрбээр, “Нислэгийн тийзний үнэ өндөр байгаа тул  Монголд иргэний нисэхийн салбарт өрсөлдөөнийг дэмжих нь зүйтэй гэсэн бодлогыг баримталж байгаа. Бидний сонирхол бол иргэд дэлхийн бусад улстай адил үнээр зорчдог болох юм. МИАТ компани АНУ руу шууд нислэг хийх зөвшөөрөл авбал сайн хэрэг. Гэхдээ үнэ нь дэлхийн жишигт нийцэх хэрэгтэй” хэмээсэн. Эцэст нь, АНУ руу шууд нислэг үйлдэх зөвшөөрөл авах асуудал салбарын сайд, Засгийн газрын түвшинд яригдана хэмээгээд УИХ-аар энэ асуудал хэлэлцэгдвэл дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл