Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 34 дэх дугаарын тойм

Эмхтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Хатан Туул”  хөтөлбөрийг 2012-2016 онд  хэрэгжүүлэх үйл ажиллагааны 1 үе шатны төлөвлөгөөний хамт нийтэллээ.Туул голын усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах чиглэлээр дунд хугацаанд боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ус хангамжийг хэвийн байлгах, нөөцийн зохистой ашиглалт бий болгох, бохирдлыг хүлцэх хэмжээнд нь хүртэл цэвэршүүлэх замаар Туул голын сав газарт оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ханган баталгаажуулахад энэ хөтөлбөрийн зорилго оршиж байгаа ажээ.

Мөн дугаарт “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн талаар авах арга хэмжээний тухай, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай, Журамд өөрчлөлт оруулах тухай, Ой тэмдэглэх тухай зэрэг Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв.

Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор батлагдсан Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх  болон агаарын бохирдлын хөнгөлөлт үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалттай эмхэтгэлийн энэ удаагийн дугаараас танилцах боломжтой.

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн- иргэн ямар нөхцөл, болзлыг хангасан тохиолдолд тэтгэмжид хамрагдах, тэтгэмжид хамрагдах өрхийг хэрхэн тодорхойлох, хүсэлтийг нь  хянан шийдвэрлэх, ямар тохиолдолд тэтгэмж олголтыг зогсоох, бууруулах зэргийг журамласан Засгийн газрын тогтоолыг мөн нийтэллээ.

Эмхтгэлийн дугаарт, Хөдөө аж ахуй болон түлш, эрчим хүчний салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын шийдвэрийг тус тус нийтэллээ.

 

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци

2012 оны 9 дүгээр сарын 14
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл