Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 дахь дугаарын тойм

УИХ-ын Тамгын газраас эрхлэн долоо хоног тутам гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг нийтэллээ.

Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох,1995-2000 оны хооронд нийгминй даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулах ажээ.

Мөн дугаарт,  Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын тогтоолыг нийтлэв.

Жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь  долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр зарлигдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрийг нийтэллээ. Үүнээс гадна Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Албан тушаалаас чөлөөлөх, албан тушаалд томилох тухай, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн чөлөөлөх, томилох тухай зарлигийг тус тус нийтэлсэн болно.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт бүрэн эхээр нь нийтэллээ. Түүнчлэн “Монголын Оюутны спортын Ш их наадам зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Энэ тогтоолын дагуу их наадмыг 2013 онд орон даяар зохион байгуулах ажээ.

“Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай”, “Гал унтрах анги байгуулах тухай” зэрэг Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2012 оны 9 дүгээр сарын 21

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл