Цэс

Холбоо барих

АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ


2013 оны 11 дүгээр сарын 27 -ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь 2011 онд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьж, уг хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэгтэй Үндэсний хороог байгуулсан. Үндэсний хороо нь өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа нь жигдэрч, цаашид тогтвортой үргэлжлэн ажиллах боломжтой болсон гэж үзэн Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс Засгийн газрын бүрэн эрхэд шилжүүлэхээр энэ хуулийн төслийг боловсруулжээ.

Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Бакей төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж нухацтай хэлэлцэх, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Үндэсний хороог Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс Засгийн газарт шилжүүлж байгаатай холбогдуулан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд төсөв захиран зарцуулах эрхийг шилжүүлэх зохицуулалт хийх шаардлагатай тул холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг тодруулах, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, О.Баасанхүү нар Үндэсний хороог Улсын Их Хурлын дэргэд байлгах нь зөв, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн гишүүдээс оруулах, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар агаарын бохирдлыг бууруулахад яамд, төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох зэрэг саналуудыг хэлсэн болно.

Хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан санал,


дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл