Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06.12) нэгдсэн хуралдаан 15 цаг 32 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн билээ. Иймд хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн.
Дараа нь зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг сонгохоор тогтжээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нар тус тус танилцуулав.
Байнгын хороод 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцлсэн байна.
Ингээд Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тус тус танилцуулсан.
Манай улсын хувьд өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, тавигдах шаардлага өндөрсөж байгааг уг хуулийн гол агуулга гэж үзэж болно. Улсын Их Хурлаас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан боловч уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэгдсэн. Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 1, орон нутагт 50 байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа болон хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан хэрэгцээ, шаардлагыг харгалзан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.
Хуулийн төсөл нь 8 бүлэг, 33 зүйлтэй бөгөөд төсөлд хуулийн зорилт, өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд баримтлах зарчим, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрлийг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах үндэслэл, хураамж, тусгай зөвшөөрлийн хугацаа, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон дуусгавар болох үндэслэл, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглох зохицуулалтыг тусгасан байна.
Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч болон радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага, өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагууд, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд хориглох зүйлийг нарийвчлан зааж өгсөн байна. Тухайлбал, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл агуулсан мэдээ, хөтөлбөртэй байх; зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, бусдын бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нэвтрүүлж, дамжуулах; гамшгийн аюул болон гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй, шуурхай нэвтрүүлэх; хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулгатай нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киног дамжуулахдаа нэвтрүүлэх цагийн зохицуулалт хийх, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоох; нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан байх; хөтөлбөр дэх нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа тодорхой байх; дамжуулж байгаа гадаад улсын нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байх зэрэг шаардлагыг хуулийн төсөлд тусгажээ.
Мөн хуулийн төсөлд төрийн байгууллага, албан хаагч, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх ажилтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч мэдээ, нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг хориглохоор зохицуулсан байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хариултдаа, хуулийн төсөл нь үйл ажиллагаа явуулж байгаа 140 гаруй телевизийн тоог цөөлөх бус нэвтрүүлгийн чанарыг сайжруулах, сайн контентыг үнэлэхэд чиглэсэн. Ингэснээр телевизүүд гадаадын бэлэн контентыг худалдаж авах бус өөрсдөө сайн нэвтрүүлэг хийж, үзэгчдийг татдаг энэ хэрээр санхүүждэг олон улсын жишигт нийцүүлнэ гэдгийг онцолсон.
Ажлын хэсгийн зүгээс хуулийн төсөлд 20.3-т Энэ хуулийн 20.2.2-т заасан төлбөрийн хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгчийн телевизийн үйлчилгээний хураамжийг 20 хувиар нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна гэж заасан байгаа. Мөн Сангийн хөрөнгө нь улсын төсөв, чанар, стандартын шаардлагыг хангасан өргөн нэвтрүүлгийн төрөл бүрийн оюуны бүтээлийн дамжуулж байгаа үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээг авч байгаа хэрэглэгчийн төлбөрөөс бүрдэнэ гэж тусгасан байгаа. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжвэл Ажлын хэсэг төлбөрийн зохицуулалтыг дахин ярилцана гэж байлаа. Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн стандартад +6,+12,+18 гэж нас заасан байдгийг дурдаад хүчирхийлэл, гэмт хэргийг сурталчилсан нэвтрүүлэг цацахыг өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд хориглосон гэж байв.
Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ үзэх шаардлагагүй сувгаа хэрэглэгч нь өөрөө хасдаг болох, телевизүүдийн санхүүжилтийн схемийг зөв болгох, үзэгчдийн төлөх төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдэх шаардлагатай гэж байлаа. Түүнчлэн үндэсний контент бэлтгэж байгаа телевизүүдийг эрэмбэлдэг болох, түүх, ёс заншил, боловсрол, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний контентын бодлоготой байх, энэ асуудалд төрөөс тодорхой хэмжээгээр дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байв.
Ингээд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслүүдийг баталлаа
Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн уг асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав. Уг танилцуулгад, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа “Эрдэнэт үйлдвэр" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэж дурдсан.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар асуулт асууж, хариулт авсны дараа “Эрдэнэт үйлдвэр" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй үзэв.
Үргэлжлүүлэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн уг асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан. Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэдгийг дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, хариулт авсны дараа Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах Байнгын хорооны горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.1 хувь нь дэмжив.
Өмгөөллийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Хуралдаан Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Хууль зүйн байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Тухайлбал:Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах талаар хуульчлахаар санал гаргалаа. Ингэснээр иргэн өөрөө өөрийгөө өмгөөлөх сонголт хийсэн тохиолдолд төсөлд заасан өмгөөлөгчийн эдлэх эрх, үүргээс тодорхой эрхийг эдэлж, үүргийг хүлээж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж бүрдэх юм. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад өмгөөлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой тодорхой саналыг гаргалаа.Хуульч болон өмгөөлөгчийн чиг үүргийн ялгаа, заагийг гаргах үүднээс хуульчийн шалгалт өгч, хуульчийн эрх авсан этгээд үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөхөөс бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхээр, харин өмгөөлөгч энэхүү үйл ажиллагаа болон шүүхэд төлөөлөх эрхийг хамтад нь хэрэгжүүлэх зохицуулатыг хуулийн үйлчлэх хүрээгээр тодорхойлсон гэж байлаа.
Иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцааг чанартай, шуурхай үзүүлэх, түүнчлэн, өмгөөлөгчдийг хариуцлагажуулах үүднээс өмгөөллийн үйл ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрх, үүрэг, хориглох зүйлийг нарийвчлан тодорхой тусгах, өмгөөлөгч хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд товлосон цагт, үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих бэлтгэлтэй оролцох, үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэй харилцах, өмгөөллийн үйл ажиллагаанд гарсан нэмэлт зардлыг үйлчлүүлэгчид танилцуулах зэрэг үүргийг нэмсэн. Өмгөөлөгчөөс иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах үндсийг бүрдүүлэх үүднээс өмгөөлөгчөөр ажиллах эрх авахдаа мэргэшлийн шалгалт өгдөг байх энэ нь хуульчийн мэргэжлийн шалгалтаас онцлог буюу мэргэжлийн бэлтгэл, ёс зүй, мэтгэлцэх ур чадвар зэрэг өмгөөлөгчөөр ажиллахад шаардлагатай ур чадварыг шалгах агуулгатай байхаар тусгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа прокурор нь шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөл өмсдөг бөгөөд энэ нь шүүхийн өмнө оролцогчдыг тэгш бус эрхтэй мэт харагдуулдаг тул үүнийг хэлбэрийн хувьд засах, өмгөөлөгч прокурортой тэгш мэтгэлцэж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлэх, нөгөө талаас иргэний, захиргааны хэрэгт мэргэжлийн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийг итгэмжлэлийн үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж байгаа этгээдээс ялгах үүднээс өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөл өмсөхөөр тусгаж, өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг Өмгөөлөгчдийн холбоо батлахаар зохицуулсан. Өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн хэлбэрийг нөхөрлөл байхаар төсөлд тусгасан байсныг өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай компани болон хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр эрхэлж болохоор тусгаж, өмгөөллийн хуулийн этгээд зах зээлийн зарчмаараа хөгжих боломжийг нээсэн гэж Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулгадаа дурдсан.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ насанд хүрээгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн өмгөөлөгчийн асуудлыг хэрхэн тусгасан, өмгөөлөгчдийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд шинээр зохицуулалт оруулсан эсэхийг илүүтэй тодруулж байв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хариултдаа, өмгөөлөгч болох хүн эхлээд хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцээд, дараа нь өмгөөлөгчийн шалгалтад орж тэнцэнэ. Үүний дараа нэгдсэн бүртгэлд орох зэргээр өмгөөлөгчийн босгыг өндөрсгөссөн гэдгийг онцлов. Мөн тэрбээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд насанд хүрээгүй хүүхэд эрүүгийн хариуцлагад татагдвал заавал өмгөөлөгчтэй оролцоно гэж заасан байгаа гэв. Харин Ажлын хэсгийн зүгээс өмгөөлөгчийн тухай хуульд өмгөөлөгч нийтэд тустай үйлсийн хүрээнд эмзэг бүлэг, насанд хүрээгүй хүүхэд, төлбөрийн чадваргүй хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлж болно гэж заасан байгаа. Мөн удахгүй өргөн баригдах Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн төслийн 7 дугаар зүйлд төрөөс үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах иргэдийн талаар тодорхой зааж, тусгасан гэж байлаа.
Түүнчлэн гишүүд болон Ажлын хэсгийн зүгээс хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлага нийгэмд үүссэн байгаа тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг тусгахаар болов.
Ингээд хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, төсөлд Хуулийн үйлчлэх хүрээг тусгасан 3 дугаар зүйл буюу “3.1. Үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгчтэй холбоотой харилцаанд энэ хууль үйлчилнэ. 3.2.Хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөхөөс бусад хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хуульчид энэ хууль хамаарахгүй. 3.3.Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагаанд энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгчийн эрх зүйн байдал, эрх, үүрэг нэгэн адил хамаарах бөгөөд улсын өмгөөлөгчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг тухайлсан хуулиар зохицуулна.” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төсөлд Хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрх гэсэн 4 дүгээр зүйл буюу “4.1.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй байна. 4.2. Хуульд өөрөөр заагаагүй бол хүн өөрөө өөрийгөө өмгөөлөхдөө хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх бусад хуульд зааснаас гадна энэ хуулийн 14.1.1, 14.1.4,14.1.6, 14.1.7, 14.1.8, 14.1.9, 14.1.10, 14.1.11, 14.1.12, 14.1.14-т заасан эрх эдэлж, энэ хуулийн 15.1.3, 15.1.5, 15.1.11-д заасан үүрэг хүлээнэ.” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн төслийн 31 дүгээр зүйлд “31.4 Өмгөөлөгчийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцдаа тухайн хэрэгт хамааралгүй, бусад үйлчлүүлэгчтэй холбоотой баримт сэлтийг гаргуулан авахыг хориглоно” гэж, төсөлд Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэсэн 54 дүгээр зүйл “54.1 .Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 54.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүд тус тус дэмжсэн. Ингээд Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.
Хуралдааны төгсгөлд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нар тус тус танилцуулсан.
Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санжүүлэхээр тохиролцсон. Уг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Ерөнхий сайдын 123 дугаар захирамжийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулаад байна. Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу тус хэлэлцээрийг Улсын Их Хурлаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр соёрхон батлуулсан. Төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн 3 дугаар зүйлд заасны дагуу “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II” төслийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын автомашиныг онцгой албан татвараас чөлөөлж өгөхийг Гадаад харилцааны сайд танилуулгадаа дурдсан.
Төсвийн байнгын хороо уг асуудлыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Ингээд хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73,2 хувь нь дэмжсэн. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.