Цэс

Холбоо барих

Инфографик: Төрийн болон олон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

    Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ  ОРУУЛАХ

ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараас санаачлан, өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал нэгтгэн хэлэлцэж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталлаа. 

    Хууль хэрэгжүүлэх явцад үндэсний үйлдвэрлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, цахим худалдан авалтыг боловсронгуй болгох, байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих, урьдчилсан худалдан авах тогтолцоог нэвтрүүлэх, тендерт оролцогчдын гомдол гаргах ажиллагааг хариуцлагатай болгох зэрэг асуудлыг хуульчлан, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүссэн байна. 


    Хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр худалдан авах ажиллагааны практикт гарч байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд дараах өөрчлөлтийг тусган баталлаа:

    1.Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцохыг хориглоно гэж заасан. Дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар батлах юм. 

    2.Улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтын гэрээ батлах хугацаанаас хамаарч төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаа сунжирч, үргүй зардал гардаг. Иймд энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд урьдчилсан худалдан авах ажиллагааг зохион байгуулж болохоор хуульд тусгалаа. Төсөв, олон улсын гэрээ батлахаас өмнөх шатанд тухайн төсөл, хөтөлбөрийн тендерийн баримт бичгийг боловсруулах, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжтой болж байна. 

    3.Цахим худалдан авах ажиллагааг иж бүрнээр нь зохион байгуулахад шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгалаа. Тухайлбал, цахим худалдан авах ажиллагаа, цахим дэлгүүрийн ойлголтыг тодруулан тусгасны зэрэгцээ цахим дэлгүүрээс худалдан авах барааг түүнээс өөр хэлбэрээр худалдан авахыг хориглолоо. Ингэснээр худалдан авах ажиллагааны ашиг сонирхлоос ангид байх, өрсөлдөөнт, ил тод байдал нэмэгдүүлэх, гомдол маргаан гаргахгүй байхад ахиц дэвшил гарах болно. 

    4.Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанараар бус эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй байдлыг харгалзах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэхээр заасан нь ногоон худалдан авах ажиллагааг дэмжихэд бодитой дэмжлэг болно.

    5.Тендерт оролцогчдыг хариуцлагатай болгох, хар жагсаалтын үйлчлэлийг сэргээх, худалдан авах ажиллагааг шилэн болгох чиглэлээр хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг тусган баталлаа. 

-Тендерт оролцогчид гомдол гаргах ажиллагааг тендерийн баталгаагаар дамжуулан хариуцлагажуулах боломжтой болсон ба тендерт оролцогч үндэслэлтэй гомдол гаргасан бол баталгааг буцаан олгох, харин үндэслэлгүй гомдол гаргасан бол тендерийн баталгааг улсын орлого болгох бөгөөд энэхүү хэмжээ нь 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар хуульчиллаа. 

-Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн этгээдийн эрхийг хязгаарлах хар жагсаалтыг үйлдэх, түүнчлэн тендерт оролцогчдод тендерийн баримт бичиг тэдэнд нээлттэй байх асуудлыг журамлан зохицуулсан. 

  6.Худалдан авах ажиллагаанд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, ойлголтын зөрүүтэй байдлаас үүсдэг зөрчлийг засах шаардлагын үүднээс “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэдгийг хуульд заасан шаардлагыг хангаж, үнэлэгдсэн тендерүүдийн харьцуулах үнийг эрэмбэлэн, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэхээр хуулийн заалтын найруулгыг сайжруулан баталлаа. Ингэснээр хуулийг хэрэгжүүлэх шатанд гардаг ойлголтын зөрүүтэй байдал нэг мөр арилах болно. 

Энэхүү хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл