Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2019 оны 03 сарын 22, 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаануудаар хэлэлцээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус баталсан.
Өргөн мэдүүлсэн төслүүдэд зөвхөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг байсан зохицуулалтыг өөрчилж ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхайгаас ч алтны нөөц ашигласны төлбөр авах, алтны нөөц ашигласны төлбөр 2,5 хувь байх зохицуулалтыг 2024 он хүртэл 5 жилээр сунгах тухай асуудлуудыг тусгасан байсан.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 3 зүйлтэй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх заалтуудыг тусгасан болно.
Улсын Их Хурал хуулийн төслүүдийг хэлэлцээд дараах асуудлуудыг шийдвэрлэн хуулийг баталлаа. Үүнд:
-Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөхөөр тусгалаа. Ингэснээр алтны ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банкинд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчил арилах давуу талтай болж байна.
-Алтны нөөц ашигласны төлбөр 2,5 хувь байх зохицуулалтыг 2024 он хүртэл 5 жилээр сунгах тухай зохицуулалт бүхий Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь болсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувь хэмжээ нь Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд худалдсан алтанд 0 хувь байхаар зааж өгсөн болно.
Энэ зохицуулалтын хүрээнд алтны нөөц ашигласны төлбөр нийт 10 хувь хүртэл хэмжээтэй байж болох бөгөөд хэрэв Монголбанкинд алтаа худалдсан тохиолдолд нөөцийн төлбөр тогтмол 5 хувь байхаар зааж өгсөн нь Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Улсын Их Хурлын Тамгын газар