Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн С.Одонтуяа
гишүүн С.Одонтуяа
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүдээс 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нарын гишүүдээс 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу хууль санаачлагчид өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгохыг зөвшөөрсөн тул Байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэн, тус Байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 15, 22-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцээд гаргасан санал, дүгнэлтийг Та бүхэнд танилцуулж байна.
Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний хүрээ оновчтой бус, олон төрлийн үйлчилгээ төлбөртэй байгаагаас даатгуулагч өвдөх, бэртэх эрсдлийн үед санхүүгийн дарамтад орох, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авч чадахгүй зайлшгүй шаардлагатай амбулаторын үзлэг, шинжилгээ, оношлогооны ихэнхийг санхүүжүүлдэггүй, эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг шууд санхүүжүүлэх аргачлал давамгайлж байгаа зэрэг асуудлыг анхаарч хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний багцад хавсарсан эмгэгтэй жирэмсний тусламж, үйлчилгээ, хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээг нэмэх зэргээр эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцыг шинээр тодорхойлж, хүрээг өргөжүүллээ.
Эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах, өртөг зардлыг тодорхойлох, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих механизмыг боловсронгуй болгох зорилгоор эрүүл мэндийн даатгалын бие даасан бүтцийг бий болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх чиг үүргийг 2016 оны 8 дугаар сарын 01-нээс хэрэгжүүлэхээр төсөлд тусгалаа.
Эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг үе шаттайгаар хэрэгжүүлэх үүднээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний Зөвлөл байхаар тогтоож, эрх, үүргийг нь тодорхойлсны дээр дүрмийг нь Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батлахаар орууллаа.
Эрүүл мэндийн даатгалын цахим карт нь төлбөр гүйцэтгэх мэдээллийн хэрэгсэл байхаар томъёолж, мэдээллийн нэгдсэн цахим санг бий болгож, тус сангаар дамжуулж эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх нөхцлийг хангуулахаар төсөлд тусгав.
Байнгын хороо Ажлын хэсгээс ирүүлсэн саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж, олонхийн санал авсан, аваагүйгээр нь бүлэглэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр Та бүхэнд тараасан болно.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ё.Отгонбаяр нар Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд “даатгуулагчийг төлөөлж 3 хүн” гэснийг “даатгуулагчийг төлөөлж, нийт даатгуулагчийн дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн 3 хүн” гэж, “ажил олгогчийг төлөөлж 3 хүн” гэснийг “ажил олгогчийн дийлэнх олонхийн хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлсөн байгууллагыг төлөөлж 3 хүн” гэж өөрчлөх саналууд тус тус гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ,
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ,
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.БАТЦОГТ