Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Ё.Отгонбаяр
гишүүн Ё.Отгонбаяр
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүдээ,
Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2013 оны 10 дугаар сарын 25, 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хийж гаргасан санал, дүгнэлтийг Та бүхэнд танилцуулж байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё. Отгонбаяраар ахлуулан байгуулж ажиллуулсан бөгөөд Ажлын хэсэг 3 удаа, Ажлын дэд хэсэг 5 удаа тус тус хуралдаж, төслүүдийн талаарх саналын томьёоллыг бэлтгэлээ.
Ажлын хэсэг хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэхдээ Улсын Их Хурлын гишүүдээс төслүүдийн талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны болон Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан дээр асуусан асуулт, гаргасан саналуудыг судалж, саналын томьёололд бүрэн тусгахыг онцлон анхаарсан болно.
Тэрчлэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4, 20.5 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн заалтуудын төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийлгэж, санал, дүгнэлт гаргуулсан ба тус Байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр санал хураалт явууллаа.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 53 дугаар зүйлд тусгагдсан “Мерчандайз” гэсэн үгийг монгол хэлэнд хэрэглэхэд ямар оноосон нэр байж болох талаар тайлбар ирүүлэх хүсэлтийг Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл болон Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд уламжилж зохих хариуг авлаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ,
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ,
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Д. БАТЦОГТ