Цэс

Холбоо барих

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Б.Бат-Эрдэнэ

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нарын нэр бүхий гишүүдээс 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарын төсөл, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын шинжтэй нэмэлт, өөрчлөлтийг тусгасан.

Байнгын хорооны хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авлигатай тэмцэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт болон шаардагдах төсвийг 2014 оны төсвийн тодотгол хэлэлцэх үед дахин хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, хуулийн төслүүдийн эцсийн хувилбарын төсөл, саналын томьёоллыг Та бүхэнд тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

  
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                          Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл