УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.24) хуралдаан 10 цаг 29 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцсан байна. Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцөлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан, үр дүнтэй хэрэгжих ёстой хэмээн үзэж буйг танилцуулгад дурдав.
Татварын багц хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй хэмээн үзсэн байна.
Түүнчлэн бизнесийн байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг МХАҮТанхимаас “Татварын багц хуулийн төслийг боловсруулахаас эхлэн УИХ-аар хэлэлцүүлэх хүртэл бүх шатанд Засгийн газартай хамтран ажилласан, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Ерөнхий сайд, Сангийн сайд, хууль боловсруулах ажлын хэсэгт удаа дараа хүргүүлсэн, гэвч уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, татварын болон төсвийн орлого буурах, улс орны эдийн засагт сөрөг үр дагавар учруулах олон асуудал дагуулахаар батлагдсан гэдгийг онцлон” татварын багц хуулиас Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнтэй санал нэг байгаа тул тус хуулиудыг дахин нягтлах нь зүйтэй гэж үзжээ.
Олон Улсын санхүүгийн бүлэглэлүүдийн улс дамнан үйлдэж байгаа татвар, санхүү, эдийн засгийн гэмт хэргүүдийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс 2018 онд нэгдэн орж, олон улсын татварын байгууллагуудын хэтийн чиг хандлагад нийцүүлэн татварын эрх зүйн орчноо сайжруулах шаардлагыг хүлээж авсантай холбогдуулан татварын багц хуульд туссан зарим өөрчлөлт, шинэчлэлтийг ололттой, оновчтой гэж үзэхийг үгүйсгэхгүй боловч үүгээр халхавчлан мөнгө угаах, хүү хүүлэх, татвараас зайлсхийх бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж, үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудыг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй гэжээ.
Түүнчлэн татварын багц хуульд хуулийг хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, олон улсын татвартай холбоотой зохицуулалтууд нь ашгийг гадагш шилжүүлж татварын суурийг гажуудуулах явдал /БЭПС/-ын эсрэг арга хэмжээнүүдийн утга агуулгыг дордуулсан, олон улсын татварын эрх зүйн актуудад заасан хэм хэмжээнд бүрэн нийцээгүй, дотоодын татварын орлогын суурийг бодитойгоор бэхжүүлэн нэмэгдүүлэх үр дүнд хүрэхээргүй шинэ нэр томьёолол төдий, улмаар хууль үл хэрэгжих нөхцөлд хүргэхүйц сөрөг үр дагавартай, засаж сайжруулбал зохих олон асуудал тусгагдсан байгаагийн зэрэгцээ улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй зохицуулалтууд тусгагдасан талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан багц хуулийн төслийн онцлогийг харгалзан, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьжээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авсан. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь буюу олонх нь Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй. Энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.