Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн 2014 оны 01-р сарын 20-ны өдрийн хуралдааны тойм

Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15.00 цагт 334 тоот өрөөнд боллоо.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатар, А.Бакей, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр, Л.Энх-Амгалан нар болон Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Хөдөлмөрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Г.Сувдаа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ж.Долгормаа, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Молор, Эрүүл мэндийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын албаны зөвлөх О.Баяраа, референт М.Отгон нар оролцов.

Хуралдаанаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ажлын дэд хэсгийн гишүүдэд танилцуулж, тухайн салбарын чиглэлээр батлагдсан бодлогын баримт бичгүүд нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр, улсын төсөв, эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх Үндсэн чиглэл болон салбарын бодлоготой хэрхэн уялдаж байгаад дүн шинжилгээ хийж Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахыг үүрэг болголоо.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей тухайн салбарт одоо мөрдөгдөж байгаа хөгжлийн бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийж, шалгуур үзүүлэлт, хүрсэн үр дүнг тооцоолох, Улсын Их Хурлын даргаас Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн найруулах чиглэл өгсөн тухай дурдаад үндсэндээ энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг 2010 оноос хойш дүгнээгүй, тунхаглалын шинжтэй, зарим шалгуур үзүүлэлт нь бүрхэг байгааг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Ажлын дэд хэсгийн гишүүдэд тухайн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрт дүн шинжилгээ хийж танилцуулахыг үүрэг болгов.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан энэхүү Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан ажиллах эсэхийг тодруулаад Байнгын хорооны тогтоолыг өөрчилж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг илүү өргөн хүрээтэйгээр авч үзэхийг санал болголоо.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр Хөдөлмөрийн яам Стратегийн бодлого төлөвлөлтийн газаргүй байгаа талаар асуугаад хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлыг 20 жилийн хугацаатай өргөн утгаар авч үзмээр байна, үндэсний хөтөлбөрүүдэд ихэвчлэн ойрын хугацааны зорилт дэвшүүлдэг, улс төрийн намууд зарчмын асуудалд зөвшилцөлд хүрч, асуудлаа зөв тодорхойлох хэрэгтэй байна, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн залгамж халаа үндсэндээ алга гэхэд хилсдэхгүй, нэг нам нөгөө намынхаа бодлого, үйл ажиллагааг илт үгүйсгэж, хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа нь зогсонги байдалд ордогийг үндсэнд нь халах хэрэгтэйг онцлон дурдав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” гэсэн Улсын Их Хурлын тогтоолын нэрийг өөрчлөх, энэхүү тогтоолын төсөл нь Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхөд чиглэгдсэн байна, Засгийн газрын хийх ажил гээд хөгжлийн бодлого, төлөвлөлтийг асуудлыг Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр оруулж ирэхээр л Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хөгжлийн бодлого, төлөвлөлтийг алсын хараатай хийхийг уриалдаад аливаа улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанаас ангид хөгжлийн бодлогын залгамж халааг бэхжүүлэхийг санал болгов.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр хөгжлийн бодлого, төлөвлөлтийг ярилцаж байгаа учраас Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улстөрийн намуудын төлөөллийг жигд оролцуулах нь зүйтэй гэлээ.

Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын олонхийн саналаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтлоо.

Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагт өндөрлөв.

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл