Цэс

Холбоо барих

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нарын нэр бүхий гишүүдээс 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Төсвийн байнгын хороодод шилжүүлсэн билээ.

Төсвийн байнгын хороо Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хийж, санал, дүгнэлтээ тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан болно.

Хууль зүйн байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дараах санал, дүгнэлтийг гаргалаа.

Тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат цаашид цэргийн алба хаасан хүнийг хууль сахиулах болон авлигатай тэмцэх байгууллагад томилж байх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ авлигатай тэмцэх байгууллагын хэлтэс, албаны удирдлагад эрх зүйч мэргэжилтэй хүнийг ажиллуулж байх, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж авлигатай тэмцэх болон хууль сахиулах байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар нэгдсэн байдлаар зохицуулах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед авлигатай тэмцэх байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулж, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцэх гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжээгүй болно.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 30.9 дэх хэсгийг “Төрийн алба хаагчийн Авлигатай тэмцэх байгууллагад гүйцэтгэх ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцно.” гэж өөрчлөн найруулах, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж, Р.Бурмаа нар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын шинжтэй санал гаргасныг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн.

Дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай тус Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолол, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр Та бүхэнд тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.




ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл