Цэс

Холбоо барих

ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААРХ НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн А.Бакей

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Арвин, Ж.Батзандан, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Улсын Их Хуралд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн даатгалд төлсөн шимтгэлээ хуримтлалын зарчмаар өсгөж тэтгэвэртээ гарахад эргүүлэн авах иргэдийн хүсэл сонирхлыг дэмжих, нийгмийн даатгалын хуримтлалыг эдийн засгийн оновчтой бодлогоор дэмжих, нийгмийн шударга хуваарилалтыг баталгаажуулах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн үнэ цэнэ, бат бөх байдал баталгаажих, олон хүүхэд төрүүлж өсгөх, ахмад настныг сэтгэл зүйн болон эдийн засгийн эрсдлээс хамгаалах зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.

Хуулийн төсөлд олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдэж байгаа гэр бүлийн гишүүнд тэтгэврийн тодорхой хувь хэмжээг давхар олгохоор тусгасан байна.

Тус Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар гэр бүлээрээ гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг хамруулах, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбар болон хүний хөгжлийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр хуулийн төсөлд хүн амын насжилтыг тооцоолох, тэтгэвэр авагчдын тооцоо судалгаа хийх, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан албан бус салбарт ажиллагсдыг хамруулах, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар нар тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын санд ачаалал учруулахгүй байх, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей хуулийн шалгуур үзүүлэлтийг нарийвчлах, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудын уялдаа холбоог хангах, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй ахмад настныг хуулийн үйлчлэлд бүрэн хамруулах, тэтгэврийн тооцоолох аргачлалыг сайжруулах, хуулийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх, эдийн засгийн тооцоо, судалгаа хийж бэлтгэл ажлыг хангах зэрэг саналуудыг гаргасан болно.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлын талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ,
СОЁЛ,ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                                          Д.БАТЦОГТ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл