Тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны өнөөдрийн (2019.05.15) хуралдаанаар таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг тогтоолын төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцаж хэрэгжүүлэх байгууллагыг зааж өгсөн. Тухайлбал, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, цагдаагийн байгууллагын мэдээ, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж, Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог үе шаттайгаар төгөлдөржүүлж; үндэсний стандартыг шинээр боловсруулж, орон нутгийн стандартын байгууллагын чадавхыг бэхжүүлэх; хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төвийг байгуулах үйл ажиллагааг эрчимжүүлж, хилийн чанад дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх; энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлж, зэвсэгт хүчний барилгын засвар төслийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тавьсан талаар дурдлаа.
Мөн үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна гэж тооцож буйгаа Сангийн сайд онцоллоо.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гараагүй тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгадаа, төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналыг нэмж тусган төслийн агуулга, хэлбэрийг алдагдуулахгүйгээр найруулгын чанартай зарим засвар хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг дурдав. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүургийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор заасан.
Иймээс Төрийн албаны төв байгууллагын саналыг авч, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай адилтгаж тогтоохоор тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэнг цагдаагийн байгууллагын офицер, ахлагчийн албан тушаалын цалинтай адилтган тогтоох зэрэг асуудлыг тусгасан байна.
Үргэлжлүүлэн “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Улсын Их Хурлын 2011 оны 36 дугаар тогтоолоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг батлахдаа яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сарын цалингийн хамгийн өндөр шатлалд хамаарах цалингийн хэмжээг суурь болгожээ. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн сүлжээний хамгийн өндөр шатлалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрд итгэлцүүрт харгалзах коэффициентоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ нэмэгддэг байна.
Иймээс Төрийн албаны тухай шинэ хуулийн холбогдох заалтыг үндэслэн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хэвээр мөрдөхөөр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Харин уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.10 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хамааруулахгүй байхаар төсөлд тусгасан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцлээ
Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.
Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулсан.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа. Гэвч Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүйгээс үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсхүл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл байдал бий болж болзошгүй юм.
Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тодруулах, агуулгыг шинэчлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч танилцуулав.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх, Үндсэн хуулийн нэмзлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд тулгарч болзошгүй асуудлыг шийдвэрлэх хууль зүйн эерэг үр дүн гарч, цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж үзэж буйгаа тэрбээр хэллээ.
Хуулийн санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Н.Энхболд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар зарчмын хувьд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа, гэхдээ хэлэлцүүлгийн явцад сайтар нягталж хуулийн давхардал, хийдэл гаргахгүй байхад анхаарах, энэ үүднээс ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь Улсын Их Хурлын нэр бүхий таван гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд -ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.
Тэрбээр илтгэлдээ, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох журам, дэгд өөрчлөлт оруулах, түүнийг хуралдаанаар хэлэлцэх, хуралдаанд асуулт асуух, үг хэлэх, танилцуулга хийх, санал хураах журмыг тодорхой болгох, хуралдааны дэг сахиулах, хуралдааны дэг зөрчигчид хариуцлага хүлээлгэх журам, нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх, Байнгын хороогоор төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах журам, мөн Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох журамд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байна.
Улсын Их Хурлын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс 2018 онд хийсэн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ" судалгаанд суурилан ХБНГУ, ОХУ, БНСУ, Австрали, Франц, Канад, Финланд зэрэг улсын парламентын дэгийг судалсны үндсэн дээр чуулганы хуралдааны өнөөгийн практикт үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг илтгэлдээ онцоллоо.
Хуулийн төсөл нь 7 зүйлтэй агаад Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг Улсын Их Хурлын даргыг сонгож дуустал Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх; шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох; Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулж байгааг өөрчилж, хуралдааны дэгээр зохицуулах; шинээр бүрдсэн Улсын Их Хурал хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэх асуудлыг анхны ээлжит чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэж байх зохицуулалтыг тусгажээ.
Мөн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах эрхтэй байх, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэж байх; Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл болон бусад баримт бичгийг нэгдсэн хуралдаанд мэдээлж байх; гишүүн нэгдсэн хуралдаанаар төсөл хэлэлцэх үед асуулт асуухаа урьдчилан мэдэгдэж дараалалд орсон байхаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг зөвхөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх; Байнгын хороо хууль тогтоомжийн төслийг зүйл, хэсгийн заалт бүрээр нь хэлэлцэж байх; Байнгын хороо төслийг хэлэлцэх явцад тухайн төсөл, түүний зүйл, заалтаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Улсын Их Хурлын Тамгын газар дүгнэлт гаргаж байх зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан хууль хоорондын давхардлыг арилгах, уялдуулах үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулжээ. Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалт илүүтэй нарийвчлагдан зохицуулагдаж, үр нөлөөтэй болно гэж үзэж буйгаа төсөл санаачлагч онцоллоо.
Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах нөхцөлийг үе үеийн Улсын Их Хурал бүрдүүлэхээр ажиллаж ирсэн. Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11- ний өдөр баталсан бөгөөд нийт 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Төсөл санаачлагч гишүүн Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ төслөөр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дэгийн хуулийн 49 орчим хувьд нэмэлт, өөрчлөлт орохоор байгаа. Гадны экспертүүдийн өгсөн зөвлөмж, парламентат ёс өндөр хөгжсөн бусад орны сайн туршлагад суурилан хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлд танилцуулан гишүүдээс гаргасан саналыг бүхэлд нь тусгасан. Мөн парламент, түүний гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилтын үүднээс Улсын Их Хурал өөрийн бүтцэд Дотоод асуудлын болон Хүний эрх, иргэний боловсролын Байнгын хороотой байх зохицуулалтыг тусгаж өгсөн гэдгийг хэллээ.
Мөн хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.