Цэс

Холбоо барих

С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж, иргэн байхгүй байна


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаан 10 цаг 09 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлыг танилцууллаа. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар хүнсний аюулгүй байдлыг хангах, мах, хүнсний хангамжийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл  хийх шаардлагатай гэсэн санал гаргасныг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов. 

Ингээд хуралдаан Засгийн газраас  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөлөө. Эдийн засаг, нийгмийн хөгжилд дараах үр дүн гарахаар байна. Эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6,5 хувиас бага байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хөдөө аж ахуйн салбар чухал гэдгийг онцлохын зэрэгцээ үндсэн чиглэлийг боловсруулахдаа салбарын нэн тэргүүний зорилтыг тодорхойлж, түүний хэрэгжилт, үр дүнг нь хангахад төсөв санхүүжилтийг нь хамтад нь  шийдэх шаардлагатай гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажлын байр бий болгох, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортыг  нэмэгдүүлэхэд чиглэсэн иргэдэд хүрсэн бодлогын тодорхой, бодитой арга хэмжээнүүд авах шаардлагатай байна гэж байлаа. 

Ингээд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй  10 саналын томьёоллоор санал хураалт явуулсан.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг нар “тогтоолын төслийн 9.3-т Ботаникийн цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээх гэж нэмэх (санхүүжих дүн таван тэрбум төгрөг) ”, “өвлийн хүлэмжний аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн цахилгааны хэрэглээний хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, (санхүүжих дүн хоёр тэрбум төгрөг)” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар тогтоолын төсөлд “хот суурин газрын хүн амыг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилгоор  нөөцийн махны санхүүжилтийн эх үүсвэрийг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх”, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ төслийн 3.4 дэх заалтад “бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготоно, царцаатай тэмцэх арга хэмжээ,  (санхүүжих дүн таван тэрбум төгрөг)” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.  

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн  “330 суманд худаг нэмж гаргах, (санхүүжих дүн 7.6 тэрбум төгрөг)" гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.  Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Мөнхцэцэгийн тогтоолын төслийн 4.2 дахь заалтад “хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын цогц төв бий болгох арга хэмжээ, (санхүүжих дүн таван тэрбум төгрөг)” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар болов. 

    Дараа  нь Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Г.Мөнхцэцэгийг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд 60 хувь нь тус тус дэмжлээ. 


Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл сонслоо

    Хуралдаан  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, Өргөдлийн байнгын хороотой хамтарсан “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг сонссоноор үргэлжилэв. 

    Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 131 аж ахуйн нэгж, байгууллага  түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. Хууль мөрдөгдөж эхэлснээс хойш нийслэлийн Засаг дарга нийт 83 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сард 95  тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд одоогийн байдлаар нийслэлийн нутагт дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 73, хайгуулын 67 тусгай зөвшөөрлийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэдгийг дурдсан. 

    Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл олгосноос хойш газрын хэвлий ашиглаж эхлээгүй зэрэг гурван үндэслэлээр 95 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Хүчингүй болсон 95 тусгай зөвшөөрлөөс өнөөдрийн байдлаар 71 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан аж ахуйн нэгж, байгууллагууд Нийслэлийн Засаг дарын захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс болон нэхэмжлэгч нараас удаа дараа эвлэрэх санал тавьсныг харгалзан Нийслэлийн Засаг дарга аж ахуйн нэгж, байгууллагуудтай эвлэрлийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг сэргээж, олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг онцолсон. 


Түүнчлэн ойжуулалт, усны хамгаалалт, газрын нөхөн сэргээлийн талаар хэрэгжүүлж байгаа ажлын талаар дурдав. Тухайлбал, 2017, 2018 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаа хороо Туул голын сав дагуу 15 га талбайд ногоон зурвас байгуулах ажлыг нийслэлийн төсвөөр гүйцэтгүүлсэн. Мөн Туул гол болон түүний цутгадаг гол, булаг, шандны уснаас 60 дээж авч шинжилгээ хийлгэсний зэрэгцээ голын урсацын хэвийн хэмжээг хадгалах зорилгоор 2016 оноос  онцгой хамгаалалтын бүсэд худаг гаргах, цооног өрөмдөх 75 хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/836, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2018 оны тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны дүнд эвдэрсэн талбайн хэмжээг 2018 оны байдлаар тодорхойлоход 72 аж ахуйн нэгж, байгууллагын 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай багтсан бөгөөд нийт 1652.6 га талбайг эвдэгджээ. Иймд нийт ухагдаж эвдэгдсэн газрын тооллого судалгааг үндэслэж, нийслэлийн нутаг дэвсгэрт ухагдаж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийж байгаа аж. 

Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

 


Уг мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс Туул голын сав дагуу эвлэрлийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийсэн эсэх, жилд хэдий хэрийн элс, хайрга, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох шаардлагатай байгаа талаар судалгаа бий эсэхийг илүүтэй лавлаж байлаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хариултдаа Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж, иргэн байхгүйг онцлохын зэрэгцээ тусгай зөвшөөрөл олгосон дарга, хариуцсан албан тушаалтан, ашигласан аж ахуйн нэгж, иргэн бүгд хариуцлага хүлээдэг, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулсан тогтолцоо руу орох шаардлагатай байна гэж байлаа. Мөн тэрбээр, барилга байгууламж, бүтээн байгуулалтад түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэгцээ 2019 оны байдлаар 1 сая 240 мянган тонн  шаардлагатай байна гэсэн судалгаа байгаа бөгөөд үүнийг 2014 онтой харьцуулахад энэ  тоо 5 дахин өссөн байна.  Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, нөхөн сэргээлтийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байгааг хариултдаа онцолсон.

Харин Ажлын хэсгийн зүгээс эвлэрлийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулаагүй байгаа. Эвлэрлийн гэрээнд аж ахуйн нэгжүүд найман сарын хугацаанд 13-15 шаардлага биелүүлж байж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тусгасан боловч, эдгээр 35 аж ахуйн нэгжээс нэг нь ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн юм. 

Ингээд мэдээлэлтэй холбогдуулж гишүүд  санал хэлж, байр сууриа илэрхийлэх үед техникийн саатал гарсан тул мэдээллийг түр завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл