Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатарын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулганыг нээж хэлсэн үг


ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриэла Куэвас,

Эрхэм ноёд, хатагтай нар аа,

            2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгууд нь бид бүгдийн хувьд түүхэн ач холбогдолтой юм. Учир нь дэлхий даяар хэрэгжих ёстой зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө улс орон бүр үүрэг хариуцлага хүлээж байна. “Тогтвортой хөгжлийн зорилгууд” хэмээх баримт бичгийн гол агуулга хэнийг ч ардаа орхиж, үлдээлгүйгээр эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшлуулахад чиглэж байгаа билээ. Үүний тулд бид тодорхой зорилго, зорилтуудыг тавьж, сэтгэлгээний өөрчлөлт бий болгохоор ажиллаж байна.

            Парламентууд ОУПХ-ны манлайлал дор энэ чиглэлээр тодорхой үүрэг хүлээж, үр дүнд хүргэх боломжтой нь тодорхой юм. Ялангуяа хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш байдал зэрэг дэлхийн хэмжээний асуудлуудаар эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд парламентууд тодорхой алхмуудыг дор бүрнээ хийсэн байна. Монгол Улсын Их Хурлын хувьд ч тодорхой зорилтуудыг өмнөө тавьж ажиллаж байна. Тухайлбал, парламентын ардчиллыг бэхжүүлэх, тэгш бус байдлыг бууруулах зэрэг асуудлуудаар стратеги төлөвлөгөө гаргаад байна. Энэхүү стратеги нь цаашдаа улс орны тогтвортой хөгжлийг хангахад тус дэм болоод зогсохгүй засаглалын чанарыг сайжруулахад ч чухал үр нөлөөтэй гэж үзэж байна.

            Улс орны парламентууд дор бүрнээ Тогтвортой хөгжлийн зорилгуудыг бодит үйл ажиллагаа болгон хувиргахын төлөө арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг сайн жишээ бол “Ханойн тунхаглал” юм. Энэхүү тунхаглал бидэнд дэлхий нийтийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг олгож буй юм. Учир нь тогтвортой хөгжлийн зорилгуудын гол асуудал болох ядуурлыг бууруулах асуудлаар улс орон бүр өөртөө тохирсон, олон талт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг дээрх тунхаг бичигт заасан.

            2017 оны 05 дугаар сард Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн зорилгуудын чиглэлээрх анхны парламентын хурлыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хошимин хотод зохион байгуулсан билээ. Энэ үеэр Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн явцыг дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай алхмуудын талаар хэлэлцсэн. Энэ удаа бүс нутгийн хоёр дахь арга хэмжээгээ та бид зохион байгуулж байна. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх үйл явц одоогийн түвшинд ямар байна вэ гэдгийг хамтран хэлэлцэхээр энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байна.

            Хатагтай, ноёд оо,

            Хүндэт зочид оо,

            Монгол Улсын Их Хурлын зүгээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар Та бүгдэд мэдээлэхэд таатай байна. Тухайлбал, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” хэмээх баримт бичгийг Монгол Улсын Их Хурал 2016 онд баталсан. Энэ бол Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх гол баримт бичиг юм. Бид цаашид Тогтвортой хөгжлийн зорилгуудыг амжилттай хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тус дөхөм үзүүлэх зорилгоор парламентдаа Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулсан. Дэд хороо ОУПХ-ноос гаргасан арга зүй, гарын авлага, баримт бичгийг өөрийн оронд хэрэгжүүлэхэд хүчин чармайлт тавьж ажиллаж байгаа.


            Өнөөдрийн чуулган, салбар хуралдаануудаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар илтгэлүүд сонсоно. Өөр нэг чухал зүйл нь боловсролын сэдвээр тусгай хуралдаан зохион байгуулж байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын нэг чухал хэсэг болох Чанартай боловсролыг бүх нийтэд хүргэхтэй шууд холбогдоно. Ядуурлыг устгах зорилгод боловсролын салбарын үйл ажиллагаа шууд уялдаа холбоотой байдаг билээ.

            Боловсролын салбарыг Монгол Улс онцгойлон анхаардаг. Тухайлбал, ДНБ-ий 4.7 хувь, улсын төсвийн 17.2 хувьтай тэнцэх хөрөнгийг 2019 оны улсын төсөвт боловсролын салбарт зориулан баталсан. 2016 оноос хойш Засгийн газар болон парламентын зүгээс боловсролын салбарын шинэтгэлийн чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Багш нарын мэргэжлийн ур чадвар, суралцах орчныг сайжруулах, цаашдаа боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн уялдаа холбоог бэхжүүлэх, насан туршдаа сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт бид анхааран ажиллаж байгаа. Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийхээр зорьж байна. Энэ бүхэн нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын 4 дүгээр зорилгыг хангахад тус дөхөм болно хэмээн найдаж байна.

            Өнөөдрийн чуулганы хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2 илтгэлийг боловсролын салбарын шинэтгэлтэй холбоотойгоор Та бүгдэд танилцуулан, хэлэлцүүлэх болно.

            Хүндэт зочид оо,

            Тогтвортой хөгжлийн зорилгуудын 3 дугаар зорилго нь эрүүл мэндийн асуудал байдаг. Иргэн нэг бүрийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө парламентууд чухал үүрэг хүлээж, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэх боломжтой. Монгол Улсын Засгийн газар “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж, элэгний өвчлөлийг бууруулах чиглэлээр тусгай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд тодорхой ахиц дэвшлүүд ч гарч байгаа. Мөн эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр бодитой үр дүнд хүрлээ. Цаашид 2030 он хүртэл 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийн пунктыг 15-д хүргэж бууруулах зорилтыг тавиад ажиллаж байна. Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 2018 оны байдлаар 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийн пункт 27.1 пункт болж буурсан.

            Та бидний өмнө тулгарч буй томоохон сорилтын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал юм. Энэ өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд дасан зохицох чадвартай эдийн засгийг бид бий болгох ёстой. Үүний тулд шинэ технологийг эзэмших, ялангуяа байгаль орчинд ээлтэй технологийг өөрийн оронд боловсруулж хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, ногоон татвар нэвтрүүлэх, ногоон худалдан авалтын зарчмуудыг нэвтрүүлэх зэрэг замаар бид байгаль орчны бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зорилготой ажилладаг. Монгол Улсын Их Хурал 2016 онд Хог хаягдлын менежментийн тухай хуулийг баталсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо тун чухал. Тиймээс чуулганы явцад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын чиглэлээр үйл ажиллагаагаа хэрхэн оновчтой үнэлж дүгнэх, эх өгөгдлийг яаж ашиглаж, ахиц дэвшлийн үйл явцыг хэрхэн томъёолох тал дээр анхаарах болно. 

            Хүндэт зочид оо,

            Бид чуулган, салбар хуралдааны явцад бие биенээсээ суралцаж, алдаа дутагдлаасаа сургамж авч, үр дүнтэй шийдвэр гаргахад мэдээллийг хэрхэн ашиглах, бидний өмнө тулгарч буй асуудлууд болох тэгш бус байдал, агаарын бохирдол, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, боловсролын чанар муу байгаа зэрэг Монгол Улсад төдийгүй нийт улс орнуудын өмнө тулгамдаад буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ахиц дэвшил гаргахын төлөө ажиллах ёстой.


            Өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди сонгуульд ялалт байгууллаа. Дэлхийн хамгийн олон хүн оролцдог сонгууль Бүгд Найрамдах Энэтхэг Улсад болдог. Монгол Улс, Энэтхэг Улс хоёр шашин шүтлэг, оюун санааны хувьд ойр дөт ард түмэн. Нарендра Моди сонгуулийн сурталчилгааныхаа үеэр монгол үндэсний дээл өмссөн харагдсан. Энэ бүхэн манай хоёр улсын хамтын ажиллагаа, сайн харилцааны илрэл юм.

            Цаг хугацаа хурдан өнгөрдөг. 2030 он гэдэг тийм ч хол биш, бидэнд байгаа нөөц ч хязгаарлагдмал. Тиймээс бид шийдвэр гаргахдаа, илүү үр дүнд хүрэхийн тулд байгаа нөөцөө хэрхэн зөв ашиглах талаар онцгой анхаарч, маш сайн бодож тунгаах хэрэгтэй. Эдгээр асуудлыг бид чуулганы үеэр хэлэлцэнэ.

            Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Хүндэт зочид Та бүхэн дор бүрнээ энэхүү чуулганы үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулснаар чухал үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Энэхүү чуулганы үйл ажиллагаа бидэнд дараа дараагийн алхмуудаа илүү тодорхой болгоход чухал тус дөхөм болно гэдэгт найдаж байна.

            Анхаарал тавьсанд баярлалаа.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл