“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 20 дугаарт Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.
Мөн Журам, чиглэл батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Уг тогтоолоор “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтанд авах журам”, “Отор, нүүдлийн зорилгоор аймаг дамжиж мал туух тууврын замын чиглэл”, “Мах бэлтгэлийн зорилгоор аймаг дамжиж мал туух тууврын замын чиглэл”-ийг тус тус хавсралтаар баталжээ.
Түүнчлэн “Гадаадын сурвалжлагчийг бүртгэх, Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох журам”-ыг баталсан Журам батлах тухай тогтоол, “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан Үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолыг нийтэлсэн байна.
Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлсэн өв соёлоор хязгаарлагдахгүйгээр нүүдэлчдийн өв соёлыг бүрэн илэрхийлэхүйц соёлын биет бус өвийн ай сав бүрт хамаарах биет бус өвийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл судалгаа шинжилгээг өргөжүүлэх, гадаад дотоодод сурталчлан таниулах, өвлөн уламжлагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн үнэлэмжийг дээшлүүлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний хэлбэрээр соёлын үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг бий болгон, соёлын биет бус өвийн төрөл зүйлийг цогцоор нь хамгаалах шаардлагатай байна хэмээн үзжээ.
Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа монгол угсаатны олон бүлгийн соёлын биет бус өвийг олж илрүүлэх, судлах, бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний хөтөлбөрийг баталжээ.
2019-2023 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд,
· Соёлын биет бус өвийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,
· Соёлын биет бус өвийн судалгаа, бүртгэн баримтжуулалт, бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж, боловсронгуй болгох,
· Соёлын биет бус өвийн талаар бүх нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг салбар хоорондын хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулах,
· Соёлын биет бус өвийн мэргэжилтнийг чадавхжуулах, өвлөн уламжлагчдыг дэмжих зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.