Цэс

Холбоо барих

Инфографик: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (шинэчилсэн найруулга) -ийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (шинэчилсэн найруулга) -ийн танилцуулга инфографикийн хамт хүргэж байна.

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталлаа. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш 12 жилийн дотор манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдөж олон улсын бизнесийн харилцаанд улам бүр татагдан орж, үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа идэвхжсэн. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэх, бизнесийн өрсөлдөхүйц, таатай орчин бүрдүүлэх, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, сүүлийн үед гарч байгаа татвараас зайлсхийх явдлаас дотоодын татварын бааз суурийг хамгаалах, татварын бааз суурийг цаашид өргөжүүлэх, түүнчлэн хуулийг нэг мөр ойлгох, хийдэл, зөрчлийг арилгах, энгийн хялбар байх хэрэгцээ шаардлагад үндэслэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. 

Хууль нь 8 бүлэг, 32 зүйлтэй. 

Аж ахуйн нэгжийн шинэчилсэн найруулгаар баталсан хуульд бодлогын шинжтэй дараах онцлог зохицуулалтыг хуульд тусган баталлаа.


Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч татварын харилцааг нарийвчлан тогтоов. Жилд 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлого олсон аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар татвар төлнө. Харин 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн боруулалтын орлого олсон бол албан татвар ногдуулах орлогод төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах боломжтой боллоо. 

Татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэв. Жижиг, дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагналын ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг хуулийн төсөлд тусгалаа. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд 1 удаа, 300 сая төгрөг хүртэлх орлоготой бол жилд 2 удаа, 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол 2 удаа санхүүгийн тайлан гаргана. Татвар төлөгчид хуулиар 10, 25 хувиар татвар төлөх ба ингэхдээ татвар ногдуулах орлогын босго хэмжээ 0-3 тэрбум төгрөг байсныг 0-6 тэрбум байхаар нэмэгдүүлэв. Ингэснээр 10 хувиар татвар төлөх татвар төлөгчийн хамрах хүрээг өргөжүүлэв. 

Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох харилцааг шинэчлэв. Татвар төлөгч тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан 4 жилд салбар харгалзахгүйгээр ирээдүйд шилжүүлэн тооцож болох ба энэ хэмжээ албан татвар ногдуулах орлогын албан татварын 50 хувиар хязгаарлагдах юм. 

Татварын зорилгоор орлого хүлээн зөвшөөрөх зарчмыг тусгав. Орлого хүлээн зөвшөөрөх зарчим одоогийн хуульд тодорхой тусгагдаагүйгээс татвар төлөгч, татварын албаны хооронд үүсдэг маргааныг шийдвэрлэх зорилгоор дээрх зарчмыг тусгав. Гадаад орнуудын туршлагаас үзэхэд татварын зорилгоор орлогыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаас өөр байдлаар хүлээн зөвшөөрдөг тул татварын албаны хэмжээнд одоо жишиг болон мөрдөгдөж байгаа зарчмыг хуульд тусгайлан зохицуулсан.

Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг тодорхой болгов. 2006 оны хуулиар хасагдах зардлыг нэг бүрчлэн тоочсоноор тухайн жагсаалтад байхгүй зарим зардлыг хасагдуулах боломжгүй байдаг. Энэ байдлыг засаж, хасагдах зардалд тавигдах нөхцөл, шаардлагыг тусгаж, түүнийг хангасан бүх төрлийн зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцох боломжтой болж байна. 

Улс бүрээр гаргах үнэ шилжилтийн тайлангийн харилцааг тусгав. Татварын ил тод байдлыг хангах, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, Европын холбооноос гаргасан “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй бүс нутгуудийн жагсаалт”-аас гарах зорилгоор Монгол Улс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг арга хэмжээнд (BEPS - Base Erosion Profit Shifting) элсэн орсон. Ийнхүү элсэн орсонтой холбогдуулан хүлээсэн үүргийн нэг нь улс бүрээр үндэстэн дамнасан компаниудын үнэ шилжилтийн тайлангийн харилцааг дотоодын хууль тогтоомжид нэвтрүүлэх асуудал юм. Энэ асуудлыг хуульд тусгаснаар манай улс үндэстэн дамнасан томоохон компаниудын татвараас зайлсхийх явдлын эсрэг үр дүнтэй тэмцэх, татварын ил тод байдлыг хангах, татварын суурийг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн татварын харилцаа. Монгол Улсын элсэн орсон Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг арга хэмжээ (BEPS)-ний зөвлөмж болгодог татвараас зайлсхийхийн эсрэг шинэ зохицуулалтыг тусгалаа. Зарим оронд “татварын диваажингийн эсрэг дүрэм” гэж нэрлэгддэг энэхүү харилцааг нэвтрүүлснээр татварын суурь өргөжих, татварын тэгш, шударга байдал хангагдах ач холбогдолтой. 

Төлөөний газрын татварын харилцааг шинэчлэн зохицуулав. Төлөөний газрын одоогийн тодорхойлолт нь олон улсын жишгээс ихээхэн хоцрогдсон байдаг тул орлогын татварын суурь багасах, татвараас зайлсхийх боломжийг бүрдүүлдэг. Иймд төлөөний газрын татварын харилцааг Нэгдсэн үндэстний байгууллагын Давхар татварын загвар хэлэлцээр, Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг арга хэмжээ (BEPS)-ний зөвлөмжид нийцүүлэн шинэчлэв. 

Албан татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын дүрмийг шинэчлэв. Өнөөгийн хуулиар ашиглагддаг “нимгэн капиталжуулалтын эсрэг дүрэм”-ийг дангаар хэрэглэх нь татвараас зайлсхийх боломжийг олгодог тул Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг арга хэмжээ (BEPS)-ний зөвлөмж болон бусад улс орнуудын сүүлийн үеийн туршлагад нийцүүлэн албан татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын хязгаарыг тогтоох харилцааг шинэчлэн боловсронгуй болгов. Харилцан хамаарал бүхий этгээдийн хооронд хийгдсэн ажил, гүйлгээний хүүгийн хасагдах зардлын хэмжээ нь борлуулалтын орлогоос хүү, элэгдэл, хорогдлоос бусад зардлыг хассан дүнгийн 30 хувиар хязгаарлахаар заав. 

Зарим төрлийн татварын хувь хэмжээг бууруулав. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй аж ахуйн нэгжүүдийн гадаад эх үүсвэрээс татах хөрөнгийн зардлыг бууруулах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргасан тохиолдолд хүүгийн орлогод ногдох албан татварыг 5 хувиар ногдуулахаар тусгав. 

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх харилцааг боловсронгуй болгов. 

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэхдээ 2006 оны хуулиар эдлүүлж байсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэвээр хадгалах зарчмыг баримтлав. Үүнд газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан бол 50 хувиар хөнгөлөлт үзүүлнэ.

Нийслэлээс 500 км алслалттай аймаг, суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ауйн нэгжид алслалт нь 500 км бол татвар ногдох орлогод ногдох албан татварыг 50 хувиар, алслалт нь 1000 км-аас дээш бол 90 хувиар хөнгөлөхөөр заалаа. 

Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, байгальд ээлтэй тоног төхөөрөмж борлуулах, инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, чөлөөт бүсийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийсэн, усны нөөцийн чиглэлээр хийгдсэн санхүүжилтийн орлогод ногдох албан татварыг хөнгөлөхөөр тусгасан.

2006 оны хуулийн дагуу үзүүлдэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь зарим тохиолдолд үр ашиггүй, зорилтот бүлэгтээ хүрэхгүй байх эрсдэлтэй байдаг тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгч татварын тайлангаа гаргаж, татвараа төлсний дараа буцаан олгодог байх харилцааг нэвтрүүлж байна. Ингэснээр татвар төлөгч илүү хариуцлагатай болох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой юм.

Эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог өөрчлөх замаар эрх борлуулсан, шилжүүлсний татварын харилцаа. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл, газар ашиглах, эзэмших эрхийн эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог шууд бусаар шилжүүлэх, борлуулах замаар олсон эрх борлуулсны орлогод татвар ногдуулах одоогийн харилцааг олон улсын туршлагад үндэслэн шинэчлэв. Ингэснээр хуулийн хэрэгжилт энгийн ойлгомжтой, нэг мөр болох ач холбогдолтой юм. 

Барилга байгууламжийн элэгдэл, хорогдол байгуулах хугацааг богиносгосон. Уул уурхайн салбараас бусад салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламжийн элэгдэл, хорогдол байгуулах хугацаа 40 жил байсныг 25 жил болгож олон улсын жишигт нийцүүлэн тогтоосон. Ингэснээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нэмэгдэж бизнес хийх таатай орчин бүрдэнэ. 

Хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг төсвийн жилтэй уялдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөв. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөх байдал сайжирч, татвар төлөхтэй холбоотой гарах бизнес эрхлэгчдийн зардал буурч, татварын тэгш шударга байдал дээшлэн, татварын бааз суурь өргөжих болно. Нөгөөтэйгүүр татвараас зайлсхийх, зугтаах явдал багасч, хуулийн дагуу шударгаар татвараа тайлагнах, төлөх явдал нэмэгдэх тул дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй байх болно.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл