Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (шинэчилсэн найруулга) болон хамт батлагдсан хуулиудын танилцуулга инфографикийн хамт хүргэж байна.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ БОЛОН ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт батлагдсан хуулиудын танилцуулгыг Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан.
Хууль 7 бүлэг, 29 зүйлтэй. Хуулийн зорилт нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.
Эдийн засаг, бизнесийн харилцаа гүнзгийрч, техник, технологи хурдацтай хөгжиж, худалдаа үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх шинэлэг арга хэлбэрүүд бий болохын зэрэгцээ зарим төрлийн ажил, гүйлгээ, татварын харилцаанаас гадуур, зохицуулалтгүй үлдэх нөхцөл үүсч байгаа нь татварын алба, татвар төлөгчийн хооронд маргаан үүсгэж байгааг зохицуулах, нөгөө талаас татварын хууль тогтоомжийг боловсронгүй болгох зорилгоор Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай болсон байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд дараах зохицуулалтыг шинээр тусгасан:
1.Татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэх: Хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагнах ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг хуульд нэмж тусгасан. Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргавал нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх албан татварыг төлж, жилд 1 удаа хялбаршуулсан тайлан гаргана.
2.Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж буй хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгох: Бичил худалдаа, ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгчид татварын тайлан гаргах, орлого, зардлаа тооцох, албан татвар ногдуулах орлогоо тодорхойлох, баримт бүрдүүлэх нь хүндрэлтэй байдаг тул тэдгээр иргэдийн татварын харилцааг энгийн ойлгомжтой болгож, тогтмол дүнгээр татвар ногдуулахаар болсон.
3.Гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцох: Албан татвар төлөгч хувь хүний гадаад улсад төлсөн албан татварыг хөнгөлөх, давхар татварыг бууруулах зохицуулалтыг хуульд тусгасан.
4.Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус албан татвар төлөгчийн албан татвар төлөх, тайлагнах харилцааг тодорхой болгох: Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох, түүнд ногдуулах албан татварыг төлөх, тайлагнах харилцааг тодорхой болгосон.
5.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх харилцааг боловсронгуй болгох: Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь зарим тохиолдолд үр ашиггүй, зорилтот бүлэгтээ хүрэхгүй байх эрсдэлтэй байдаг тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг албан татвар төлөгч татварын тайлангаа гаргаж, төлсний дараа буцаан олгодог байхаар зохицуулсан нь татвар төлөгч илүү хариуцлагатай болох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой юм. Мөн амьдран суух зорилгоор анх удаа орон сууц худалдан авсан иргэдэд үзүүлэх албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 6 сая төгрөгт хүргэхээр болсон.
6.Зарим төрлийн албан татварын хувь хэмжээг буулгах: Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, компанийн засаглалыг дэмжих, ил тод байдлыг хангах зорилгоор Монгол Улсад байрлах аж ахуйн нэгжийн нээлттэй арилжаалж буй хувьцаа, өрийн бичгийг худалдан авч ногдол ашиг, хүүгийн орлого олж буй хувь хүний орлогод ногдох албан татварыг 5 хувь болгон бууруулсан.
Мөн хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх явцад алслагдсан аймаг, суманд амьдран үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийг дэмжих зорилгоор нийслэл /Улаанбаатар/ хотоос 500 км-ээс хол байрших аймаг, суманд оршин суугаа иргэдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 50 хувиар, 1000 км-ээс хол байрлах аймаг, суманд оршин суугаа иргэдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр болсон.
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлж эхлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангах, холбогдох дүрэм, журмыг батлах, сургалт, сурталчилгаа явуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛИУДЫН ТАЛААР:
1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн талаар: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөхтэй холбогдуулан албан татвар төлөгч хувь хүний 2019 оны жилийн эцсийн татварын тооцоо болон 2019 оны татварын жилд олсон орлогод эдлүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлох зохицуулалтыг тусгасан.
2.Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Малын генетик нөөцийн тухай хуульд “мал бүхий этгээд” гэдгийг тодорхойлохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн заалтыг иш татсан байсан бөгөөд энэхүү заалтын дугаар өөрчлөгдсөн тул хууль хоорондын нийцлийг хангах үүднээс Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.
3.Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Төсвийн тухай хуульд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан орлого буюу цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого нь аймаг, нийслэлийн, уг орлогоос бусад орлого нь сум, дүүргийн төсвийн орлого байхаар тусгасан хуулийн заалт өөрчлөгдсөн тул хууль хоорондын нийцлийг хангах зорилгоор Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.
Мөн Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хууль 2016 онд хүчингүй болж, энэхүү орлого нь шинээр батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд үйл ажиллагааны орлогод хамрахаар тусгагдсантай холбогдуулан Төсвийн тухай хуульд орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар нь сум, дүүргийн төсвийн орлогыг бүрдүүлэхээр тусгасан байсныг хассан.
Улсын Их Хурлын Тамгын газар