“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг боловсронгуй болгох нь” сэдэвт бүсчилсэн хэлэлцүүлгийг “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулав.
Тус хэлэлцүүлэгт Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, багийн иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга нарын төлөөлөл оролцов.
Улсын Их Хурлын гишүүн, Төвлөрлийг сааруулах эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах Улсын Их Хурлын ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Үндсэн хуульд нутгийн удирдлагын чиглэлээр оруулахаар боловсруулсан нэмэлт, өөрчлөлтийн санал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрий нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлагын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн барих бэлтгэлийг хангах дэд ажлын хэсэг хэлэлцүүлэгт оролцогчдоос хуулийн төслийг боловсронгуй болгохтой холбогдуулан санал авсан байна.