Цэс

Холбоо барих

Б.Саранчимэг: Аз жаргалтай хотыг ногоон байгууламжаар нь дүгнэдэг

          Өнөөдөр буюу зургаадугаар сарын 05-нд “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна.

    Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас “Дэлхийн байгаль орчны өдөр” болон хүчирхийллийн эсрэг тэмцэгч, энх тайвныг эрхэмлэгч Махатма Гандигийн мэндэлсний 150 жил, дэлхий дээрх тав дахь том шашин болох Сикхийг үндэслэгч Гүрү Нанак Дэв жи Багичигийн мэндэлсний 550 жилийн ойг тус тус тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгах үйл ажиллагааг өнөөдөр (2019.06.05) зохион байгууллаа.



        Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх болон Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав болон Монгол Улсад ажиллаж амьдарч буй энэтхэг иргэд, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж, Сити дээд сургууль, Улаанбаатар Элит дунд сургуулийн оюутан, сурагчид зэрэг нийт 130 гаруй хүн оролцов.




        Улс орны хөгжил тэрдундаа аз жаргалтай хотыг илэрхийлэх гол зүйлийн нэг нь ногоон байгууламж юм. Үр хойчдоо тав тухтай, эрүүл орчныг үлдээхийн тулд одооноос төрийн бүхий л шатны байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарах ёстой. Өнөөдрийн үйл ажиллагаа хоёр улсын найрамдалт харилцааны нэг илэрхийлэл болохын сацуу хүүхэд залууст байгаль орчноо хайрлаж хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцох боломж олгож байна гэдгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлсэн үгэндээ онцлов.




        Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 га орчим талбайд шилмүүст, бутлаг, навчит зэрэг зургаан зүйлийн 700 гаруй модыг суулгасан юм.

       УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа “Эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ мод тарьж амралтын өдрөө өнгөрөөвөл хамгийн сайхан өгөөжтэй амралт болохоос гадна бидний хойч үе байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, өсөж өндийсөн газар орноо хайрлан хамгаалах сэтгэлтэй болж төлөвшинө. Дэлхийн байгаль хамгаалах өдөр тохиож байгаа энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгахаар хүүхэд, залуус олноороо ирсэн байгаад баяртай байна” гээд Монгол, Энэтхэг хоёр улсын харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгааг харуулсан арга хэмжээ болж буйг тэмдэглэсэн.




        Дашрамд тэмдэглэхэд, 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн зургаадугаар сарын 05-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ.

          Энэ өдөр нь байгаль орчны хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа бөгөөд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдөр юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр  дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудад  дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах,  тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл