Тогтоолын төслийн эцсийн, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны өнөөдрийн (2019.06.05) хуралдаанаар таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан талаар Байнгын хорооны дарга гишүүдэд танилцуулав. Ингээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй учраас төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
Улсын Их Хурлын 2011 оны 36 дугаар тогтоолоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг батлахдаа яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сарын цалингийн хамгийн өндөр шатлалд хамаарах цалингийн хэмжээг суурь болгожээ. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн сүлжээний хамгийн өндөр шатлалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрд итгэлцүүрт харгалзах коэффициентоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ нэмэгддэг байна.
Иймээс Төрийн албаны тухай шинэ хуулийн холбогдох заалтыг үндэслэн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хэвээр мөрдөхөөр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Харин уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.10 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хамааруулахгүй байхаар төсөлд тусгасан байна.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тус Байнгын хорооны саналыг чуулганы өнгөрсөн сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаас дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан байгуулж ажиллуулжээ. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ажлын хэсэг уг хуулийн төслийг 2019 оны 06 дугаар 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа. Гэвч Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүйгээс үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсхүл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл байдал бий болж болзошгүй.
Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тодруулах, агуулгыг шинэчлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх, Үндсэн хуулийн нэмзлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд тулгарч болзошгүй асуудлыг шийдвэрлэх хууль зүйн эерэг үр дүн гарч, цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа аж.
Г.Баясгаланг цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх саналыг дэмжлээ
Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулга хийсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн дөрөвдүгээр сард дуусгавар болсон тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүд нэр нэр дэвшүүлэхээр санал болгож буйгаа Улсын Их Хурлын дарга танилцуулав.
Нэр дэвшигч Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй.
Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна.
Нэр дэвшигч Г.Баясгалан нь хуулийн салбарт 33 жил ажиллаж байгаа, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага, шалгуурыг бүрэн хангаж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа дурдав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд асуулт асууж тодуулан нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингээд Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Иймээс энэ талаарх албан бичгийг Байнгын хорооноос Улсын Их Хурлын даргад хүргүүлэх бөгөөд нэр дэвшигчийн асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм байна.
Цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв
Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр нарын мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим зохицуулалтыг; мөн Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг; түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцсон байна.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байна.
Харин Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчөөгүй, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.
Ингээд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалтыг болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гишүүний хувьд Байнгын хорооноос өгсөн чиглэл, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн үзэл баримтлалын дагуу хууль тогтоомжийн холбогдох заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж буйгаа илэрхийлж, тодорхой тайлбар өгсөн гэдгээ Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдэд танилцуулж, цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан гишүүний асуултад хариулт өгсөн юм. Ингээд Үндсэн хууль зөрчсөн гэж цэцийн дүгнэлтэд дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн заалт тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
Улсын Их Хурлын Тамгын газар хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэв
Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар Тамгын газрны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулга хийсэн юм.
Улсын Их Хурлын Тамгын газар нь Улсын Их Хурлын хууль тогтоох болон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Тамгын газар 2018 онд Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Тамгын газрын дүрэм болон Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний дагуу 5 стратеги зорилтын хүрээнд 5 хөтөлбөр, 77 арга хэмжээ, үндсэн чиг үүргийн 282 ажил, үйлчилгээ, тусгай 64 ажил, үйлчилгээ, нийт 346 ажил, үйлчилгээг гүйцэтгэхээр төлөвлөн хэрэгжүүлснээс 326 ажил, үйлчилгээг бүрэн хэрэгжүүлж ажиллалаа.
Улсын Их Хурлаас 2018 онд нийт 251 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл баталсан бөгөөд тэдгээрийг хэлэлцэн батлах бэлтгэл ажил, нэгдсэн чуулган болон Байнгын, дэд хорооны хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар 136 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх 150 санал, дүгнэлт боловсруулж, 681 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэж, Улсын Их Хурлын гишүүнээс хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, 13 хууль, тогтоолын төслийг боловсруулсан. Мөн тайлант хугацаанд Улсын Их Хурлын чуулганы 60 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын 192, дэд хороодын 14, түр хорооны 2 удаагийн хуралдааныг зохион байгуулах бэлтгэлийг хангаж хуралдуулсан талаар Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулгадаа дурдав.
Мөн 2018 оны хувьд Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсэг болон дэд хэсгийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, Улсын Их Хуралд өргөн барих бэлтгэл ажлыг хангах ажилд онцгой анхаарал хандуулан ажиллаж, холбогдох бэлтгэлийг бүрэн хангаад байна. Цаашид төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулах бүх шатанд Тамгын газрыг бүрэн дайчлан оролцуулж ажиллахаар төлөвлөж байна гэдгийг онцлов.
Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ
хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Улсын Их Хурлын
Тамгын газраас үзүүлж буй мэргэжил, арга зүйн туслалцааны хүрээнд Улсын Их
Хурлын даргын захирамж болон Байнгын хороодын тогтоолоор байгуулагдсан хууль
тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий 20 ажлын
хэсгийн бүрэлдэхүүнд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 128 гишүүн оролцож, Тамгын газрын ажилтнууд Улсын Их
Хурлын гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Тайлант хугацаанд Улсын Их Хурлын даргын
захирамжаар байгуулагдсан 3, Байнгын хорооны тогтоолоор хуулийн хэрэгжилттэй
танилцах, хянан шалгах үүрэг бүхий 13 буюу нийт 16 ажлын хэсэг, 2017 онд байгуулагдсан 4 ажлын хэсэг
үргэлжлүүлэн ажилласан. Эдгээрээс
хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий
12 ажлын хэсэг санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл
боловсруулан, холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, Байнгын
хорооны 8 тогтоол, Байнгын хорооны хуралдааны 3 тэмдэглэлээр Засгийн газарт
болон холбогдох байгууллагуудад хугацаатай үүрэг, чиглэл өгч, мэдээлэл
сонсохоор шийдвэрлэснийг дурдлаа.
Тайлант хугацаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 62 гишүүнээс Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан 42 асуулгыг 216 асуудлаар, Улсын Их Хурлын 6 гишүүнээс 2 асуултыг 6 асуудлаар тавихад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, асуулгын болон асуултын хариуг хуульд заасан хугацаанд ирүүлэхэд хяналт тавин, асуулга, асуултын хариуг цахим хуудсанд байршуулан мэдээллээр хангаж ажиллажээ. Улсын Их Хурлын гишүүнээс Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад тавьсан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 18 гишүүний 12 асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсох ажлыг зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 108 гишүүн 307 асуулт асууж, хариулт авч, асуулга тавьсан гишүүд санал, бодлоо илэрхийлсэн байна. Холбогдох мэдээллийг цахим хуудсанд тухай бүр байршуулж, мэдээллээр хангаж ажилласан байна.
Мөн Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх болон гишүүдийн санаачлан боловсруулсан хуулийн төсөлтэй холбогдох судалгаа, мэдээллээр хангах ажлыг шуурхай зохион байгуулж, нийт 40 судалгааны захиалга хүлээн авч, 39 ажил гүйцэтгэжээ. Захиалагчаар нь авч үзвэл, Байнгын хороодын захиалгаар 3, Улсын Их Хурлын гишүүдийн захиалгаар 27, эрх бүхий албан тушаалтнуудын өгсөн үүрэг даалгавар, албаны санаачилгаар 9 судалгааны ажлыг гүйцэтгэжээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах, олон нийттэй харилцах ажиллагаанд үзүүлэх туслалцааны хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааны албан ёсны мэдээ, мэдээлэл бэлтгэх үйлчилгээний хүрээнд Улсын Их Хурлын 2017 оны намар, 2018 оны хавар, 2018 оны намрын ээлжит болон ээлжит бус чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаан, тус хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг тайлбарлан таниулах, Улсын Их Хурлын даргын гадаад оронд болон хөдөө орон нутагт ажилласан томилолт, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын бүхий л үйл ажиллагаа, цаг үеийн асуудлын талаарх мэдээ, мэдээллийг тухай бүрд шуурхай бэлтгэн мэдээллийн хэрэгслүүдээр иргэд олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулж ажиллажээ.
Тайлант хугацаанд Монгол Улсын Их Хурлын болон Монголын Парламентын бүлгэм, Улсын Их Хурлын Тамгын газрын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч, энэ хүрээнд нийт 38 ажил үйлчилгээ төлөвлөснөөс 14, төлөвлөгөөнөөс гадна 44 буюу нийт 58 ажил хийж хэрэгжүүлжээ. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын гадаад арга хэмжээний төлөвлөгөөний дагуу болон төлөвлөгөөнөөс гадна дотоодод 6, гадаадад 20 нийт 26 ажил хийж гүйцэтгэснээс дотоодод дараах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөнийг 2018 оны 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж, уг арга хэмжээнд 13 орны 33 парламентын гишүүн, олон улсын мэргэжилтнүүд оролцсоныг онцоллоо.
Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулгадаа, Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү, аж ахуй, техник хэрэгсэл, материал хангамжийн үйлчилгээг цаг тухайд нь тасралтгүй шуурхай үзүүлж, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж ажилласан. Дотоод аудитаар Тамгын газрын дотоод нэгжүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй 112 эрсдэлтэй хүчин зүйлийг тогтоож, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд байгаа 115 төрлийн зөрчил дутагдлыг илрүүлж, холбогдох албан тушаалтнуудад танилцуулж, зөвлөмж өгсөн. Мөн Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс мэдээллийн технологид суурилсан бүх төрлийн үйлчилгээг шуурхай үзүүлэн, программ, техник хангамжийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж ажилласныг дурдлаа.
Улсын Их Хурлын Тамгын газар нь 2018 оныг сахилга, хариуцлагыг сайжруулах жил болгон зарлаж, ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга бат, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр анхаарч ажилласан. Сахилга, хариуцлагыг сайжруулах жилийн хүрээнд Тамгын газрын хэлтэс, албад дотооддоо хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд сургалт зохион байгуулах, хэлэлцүүлэг өрнүүлэн ажилласан нь хэлтсийн ажилтнуудын ажлын туршлагаасаа харилцан суралцах, багаар ажиллах арга барилыг төлөвшүүлэх үр дүнтэй ажил болсон. Иймээс цаашид ч Тамгын газрын ажилтнууд, ахлах зөвлөх, зөвлөхүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хэлтэс, албадын дотоод сургалтыг тогтмолжуулан ажиллах болно гэлээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр 3 чиглэл өгсний дагуу төлөвлөгөө боловсруулан баталж, 20 ажил төлөвлөн ажилласнаас 19 ажлыг нь бүрэн хэрэгжүүлэн, 1 ажлыг судалж шийдвэрлүүлэхээр ажиллаж байгааг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулаад Улсын Их Хурлын Тамгын газар 2018 онд Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Тамгын газрын дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулж, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүргээ бүрэн биелүүлж ажилласан гэж үзэж буйгаа дурдсан юм.
Тамгын газрын 2018 онд хийсэн үйл ажиллагааны үр дүнг улам сайжруулж, 2019 онд дараах ажлуудад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно. Тухайлбал:
1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, батлуулах шатанд мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг бүрэн дайчлан оролцуулах, улс орон даяар олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;
2.ОУПХ(IPU)-ноос гаргасан зөвлөмжийн дагуу Улсын Их Хурлын “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зорилгыг дэмжих, түүнчлэн хууль тогтоомжийг боловсруулахад хүний эрх, иргэдийн оролцоог хангах, нээлттэй, хариуцлагатай, үр нөлөөтэй, үнэт зүйлтэй төлөөллийн байгууллагыг бэхжүүлэхэд Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахад Тамгын газраас мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж ажиллах;
· уг стратеги төлөвлөгөөнд үндэслэн Тамгын газрын хөгжлийн стратеги боловсруулж,
· Тамгын газрын ажилтнууд, зөвлөхүүдийн мэргэшил, ур чадварын сургалтыг бүтэц, агуулга, чанарын шинж түвшинд гаргах.
3.Тамгын газрын ажилтан, зөвлөхүүдийн мэргэжлийн хөгжлийг тодруулбал, хууль боловсруулах ур чадварыг хөгжүүлэхэд дэмжих, ёс зүй, хариуцлага, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, ажлын үр нөлөө, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хүний нөөцийн удирдлагыг чиглүүлж ажиллах;
4.Төрийн цахим шилжилтийн хүрээнд Улсын Их Хурлын болон Тамгын газрын үйл ажиллагааг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, Тамгын газарт цахим инноваци, мэдээллийн технологи нэвтрүүлэх, эхний ээлжинд хүний нөөцийн болон хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, сурталчлах цахим системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх;
5.Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг дээшлүүлэх, Улсын Их Хурлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан мэдээллээр хангах ажлыг сайжруулах зорилтын хүрээнд Улсын Их Хурлын даргын 111 дүгээр захирамжаар үүрэг болгосон Тамгын газрын бүтцэд Судалгаа, шинжилгээний төв байгуулж ажиллуулах асуудлыг судалж танилцуулах;
6.Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг тусгайлан боловсруулж хэрэгжүүлэх, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ялангуяа мэргэшсэн хуулийн эх баригчдыг бэлтгэж, Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд үзүүлэх үйлчилгээг чанарын шинэ түвшинд гаргах талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран ажиллана гэдгийг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлоод Улсын Их Хурлын Тамгын газар 2018 онд Улсын Их Хурал, Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороодод мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүргээ болон 2018 онд тавьсан зорилтоо бүрэн биелүүлж ажилласыг дурдлаа.
Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд харин Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын Тамгын газар хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж, идэвхтэй ажиллаж ирсэн. Үүний нэг жишээ нь гишүүд хурууны хээгээр ирцэд бүртгүүлж, асуулт асууж саналаа хэлдэг техникийн нөхцөлийг бүрдүүлсэн явдал юм гэдгийг онцлоод цаашид хүний нөөцийн чадавхиа сайжруулах, Тамгын газрны ажилтнууд нь ёс зүйтэй, хариуцлагатай, төрийн албаны бүх байгууллагыг манлайлж үлгэрлэдэг байх зарчмыг хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн өнгөрсөн оноос ажилтнуудын нийгмийн баталгааг хангах чиглэлээр хэрэгжүүлж ирсэн ажлыг үргэлжлүүлэх, Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж шинэлэг зүйлс оруулахад анхаарах шаардлагатай гэдгийг хэллээ. Түүнчлэн Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Тамгын газарт зарим үүрэг чиглэл өгөх болно гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.